Б.Найдалаа: Сонгуулийн тогтолцоог пропорционал болгон өөрчлөхийн төлөө тэмцэнэ
"Зөв хүн электорат" эвслээс УИХ-ын сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийлээ.
Хүн намын дарга Б.Найдалаа: Төрийн албыг улс төрийн сонгуульд дайчлан ашигладаг, иргэдийг авч байгаа халамжаар нь барьцаалж санал өгүүлдэг, дарамталдаг шударга бус явдал үе үеийн сонгуульд байсаар ирсэн. Үүний шийдэл нь сонгуулийн санал тоолох биш тогтолцоондоо байгаа юм. Зөв хүн электорат эвсэл сонгуулийн тогтолцоог мажоритар биш пропорционал болгон өөрчлөхийн төлөө тэмцэнэ. Ингэж байж бид зөв төрийг бүтээнэ. Сонгуулийн тогтолцоо иргэн таны саналыг булхайгүйгээр шууд төрд хүргэдэг тэр тогтолцоог бий болгохын төлөө УИХ дахь суудлаараа дамжуулна хичээнэ.
УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшсэн П.Наранбаяр: БЗД-ийн 22 дугаар тойрогт нэр дэвшсэн. Юун түрүүнд надад саналаа өгсөн хүмүүст талархлаа илэрхийлж байна. Энэ удаагийн сонгуулиар 23 мянган хүн надад саналаа өгсөн. Энэ хүмүүсийн санал гээгдчихлээ. Энэ бол сонгуулийн томсгосон мажоритар тойргийн алдаатай тал. Бидний хувьд ёс зүйтэй, зарчимтай улс төрийн төлөө зорьж ирсэн. Улс төрийн гурван хүн эвсэн энэ удаагийн сонгуульд өрсөлдсөн.
Манай эвслийн авсан саналын тоог харахад МАН-аас өөр нэг улс төрийн хүчин мэндлэн гарлаа гэдэг нь тодорхой боллоо. 209 мянган хүн саналаа өгсөн байна, Энэ бол биднийг харуулж байгаа том тоо боллоо. Бид орон нутгийн сонгуульд хариуцлагатайгаар оролцоно. Одоо биднийгээ дэмжиж дахин саналаа өгөөрэй. Орон нутгийн сонгуулийн ирц муу байдаг. Орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцоорой та бүхэн биднийгээ дэмжээрэй.
ХҮН-ийн генсек Б.Гантулга: Саяны сонгууль сонгуулийн тогтолцоо буруу байсан гэдгийг харууллаа. Эрх барьж байгаа нам нийтийн төсвийн мөнгийг санал худалдаж авах байдлаар тарааж буй үзэгдэл сүүлийн 30 жилийн турш ажиглагдаж байна. Том намуудын дунд сүлжээ бий болжээ. Үүнийг таслан зогсоохоор бид тэмцэж байна. Парламентад суудалтай дөрвөн хүчний нэг боллоо. Энэ удаагийн сонгуулиар 209 мянган хүний санал авлаа. Иргэдийн энэ итгэлийг алдахгүй. Орон нутгийн сонгуульд өрсөлдөнө. Бид ан цав гаргаж чадлаа. Үүний төлөө цааш нь илүү их тэмцэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ