УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Дарханы замын засварыг дуусгана
УИХ-д сонгогдсон 76 хүн өнөөдөр гишүүний үнэмлэхээ авлаа. Энэ үеэр сэтгүүлчид шинэ гишүүдийн байр суурийг сонссон юм.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
"Шударга, зарчимтай багаар ажиллана. Нийтийн үнэт зүйлийн төлөө нэгдэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. Гишүүн болоод хийх эхний ажил Дарханы замын засварыг дуусгана".
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Төрийн бүх шатандаа үндэсний хэмнэлтийн бодлогыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Төрөөс төрдөг, олон саяын үнээр өрөө тасалгааг тохижуулдаг байдал алга болно. Нийгмийн болон эрүүл мэнд, боловсролын салбарын гол хөрөнгө оруулалт, томоохон бүтээн байгуулалтын эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан хийгээд явна. Үндэсний хэмнэлтийн бодлогоор эдийн засгийг даван туулна".
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
Үзэл санаа гэдэг зүйл дээр бид нэгдэж ажиллах ёстой байх. Хүн намын хувьд хүн дээд үзэл санаа гэдэг социал демократ үзэл санаатай. Үүнийхээ төлөө тууштай ажиллана. Аль нэг намд уусаад шингээд орчих вий гэсэн асуудал байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Сөрөг хүчний хэмжээнд хүчтэй ажиллаж чадна. Дөрвөн жилд залуусын дуу хоолой болж ажиллана".
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
"Манай намаас урьдчилгаа төлөхгүйгээр ипотекийн зээлд хамрагдаж байгаа хүмүүст 4-6 хувийн хүүтэй зээл олгоно зэрэг амлалтыг өгсөн. Үүнд 62-ын бүлэг онцгой үүргээ гүйцэтгэнэ. Цаг наргүй ажиллана. Нэлээд том хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгасан ч дэлхийн эдийн засаг амаргүй байна. ОУВС-аас гадаад эдийн засаг буурах хандлага байгааг хэлж байна. Тиймээс ярьж байгаад зайлшгүй төсвийн тодотгол хийх байх.
Бид маш өндөр хариуцлагын өмнө ирж байгаа. Хүрэлсүхийн багт өндөр итгэл хүлээлгэсэн. Шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлнэ. Улс орон, иргэд рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийх тал дээр тууштай ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа".
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Иргэдийн үзүүлсэн итгэлийг зүтгэлээр хариулах ёстой. Эдийн засгийн бүтцийг тэлэх ажил руу ханцуй шамлан орох ёстой. Иргэдийн зүгээс хуримтлалын нэгдсэн тогтолцоог бий болгох, боловсрол, тэтгэврийн шинэчлэл хийх саналыг хэлж байсан. Нийгмийн даатгалыг бүхэлд нь шинэчлэх ажил бий.
Хуримтлалын сан бий болгоно гэсэн амлалтаа хэрэгжүүлнэ.Нийгмийн даатгалын шимтгэлтэй нь орон сууцыг уяж өгнө. Намраас өөрийн санаачилсан хуулийг хэрэгжүүлнэ. Цаашдаа УИХ-ын үндсэн ажил руугаа их анхаарах болно. Завгүй өдрүүд ирж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ