Н.Энхбаяр: У.Хүрэлсүх ээ айгаагүй юм бол дахин сонгууль явуулъя
МАХН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр "Сонгууль амжилттай болж дууслаа. Та бидний эвсэл идэвхтэй оролцсон. Гэхдээ энэ бол луйвар булхайны сонгууль боллоо. Ийм учраас Та бидний эвсэл энэ сонгуулийг хүчингүйд зарлахаас өөр аргагүй. Сонгууль шударга болж байж нийгэм тогтвортой байна. Энэ сонгуультай холбоотой ноцтой зөрчлүүд бүртгэгдэж байна. Мөнгө төгрөг тараах, нэг хаяг дээр олон хүн бүртгүүлэх, гадаадад байгаа хүмүүсийн саналыг булаах зэрэг луйвар булхай гарсан.
Тийм учраас энэ асуудлаар бид Ерөнхийлөгчид хандана. Бусад нам болон бие даагчдын хамт өнөөдөр 17 цагт ерөнхийлөгчтэй уулзахаар цаг авсан. Ерөнхийлөгч сонгууль шударга явагдах ёстой гэж хэлж байсан учир энэ асуудлыг шийдвэрлэж өгнө гэж найдаж байна. Мөн СХД-д сонгогчдын саналтай холбоотой асуудал гарсан. Яалт ч үгүй сонгогчдын саналыг урьдчилаад уншуулчихсан байна. Тийм учраас энэ удаагийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй. СЕХ-г татан буулгах хэрэгтэй. Сонгуулийн ерөнхий хороог огт өөр бүрэлдэхүүнээр дахин санал хураалт явуулах хэрэгтэй. Дахин санал хураалт явуулах хэрэгтэй. У.Хүрэлсүхт хандаж хэлэхэд айхгүй юм бол дахин сонгууль явуулъя. Мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнэд хандаж хэлэхэд үнэхээр хуйвалдаагүй бол ял авахаасаа айгаагүй бол гарч ирээд луйврын сонгуулийн эсрэг хамтдаа тэмцье.
Ж.Батзанданд хандаж хэлэхэд шударга ёсны төлөө тэмцье. Бие даагч нарт хандаж хэлэхэд сонгууль өнгөрчихлөө гэж битгий бод, одоо хүчээ нэгтгэе. Монгол ахиад сэрэхээргүйгээр, сэхэхээргүйгээр МАН-ын дарангуйлалд өртлөө. Одоо тэмцэх цаг нь болсон. Тууштай тэмцэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян "Сонгуулийн хуулийг баталсан концепцоо Ардын нам өөрсдөө зөрчсөн. Тухайлбал сонгууль эхэлсэн жил мөнгө тараах хуулийн заалтыг зөрчин ахмадуудын өр зээлийг тэглэсэн. Дараа нь коронаг далимдуулан ард иргэдийн бизнесийг хааж боож эцэст нь хүүхдийн мөнгө гэдгийг тараасан. Ийнхүү Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн. Харамсалтай нь УИХ-ыг сонгогчид шийдэхээ больчихжээ. Харин хэсэг бүлэг хүмүүс мөнгөөр цохих маягаар сонгуульд нөлөөлдөг болжээ.
Монголчууд одоо өөрийнхөө хүссэн хүнийг сонгож чадахгүй байдал руу шилжиж байна. Нэр дэвшигчдийг цагдан хорьдог, айлган сүрдүүлдэг улс боллоо. Монгол Улсад шударгаар төр улсаа төвхнүүлэх байдал алга болжээ. Зүрхтэй зоригтой монголчууд хэвээр байгаа бол энэ асуудалтай тэмцэх хэрэгтэй" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ