Төв банк бодлогын хүүг хэвээр хадгалахаар болов
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр болж, бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Тодруулбал, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдлыг харгалзан үзээд бодлогын хүүг хэвээр буюу 9 хувьд хадгалахаар тогтжээ.
Түүнчлэн банкны системийн тогтвортой байдлыг хангах үүднээс банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж болон хүү төлж буй гадаад валютын харилцахын эзлэх хувиар банкинд олгох төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг бууруулан тооцох шийдвэр гаргасан байна.
Олон улсын санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг үндэслэн Монголбанкнаас эдийн засгийг дэмжих санхүүжилтийн болон бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурсны зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарч, эрэлтийн шалтгаантай инфляц өсөхөөргүй, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл үүсэхгүй тохиолдолд инфляц зорилтот түвшнээс бага байх хүлээлттэй байна.
Цар талахтай холбоотой гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш авч хэрэгжүүлсэн төсөв, санхүү, мөнгөний бодлогын багц арга хэмжээ нь эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлж байна гэж Монголбанк үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ