СЕХ: Санал хураалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
Сонгуулийн ерөнхий хорооноос 12:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг танилцууллаа.
Ирцийн мэдээг танилцуулсны дараагаар Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны Хууль, эрх зүйн газрын дарга н.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийг түдгэлзүүлэх хэмжээний ноцтой мэдээлэл ирсэн үү. Зарим тойрогт нэр дэвшигчид мөнгө тараасан гэх мэдээлэл гарсан?
-Хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлаар СЕХ-нд одоогоор шүүхээс хүчин төгөлдөр шийдвэр ирээгүй. СЕХ 606 нэр дэвшигчийг бүртгэж авсан. Тэднээс ямар нэгэн байдлаар хассан зүйл байхгүй. Санал хураалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
-Иргэдээс гомдол мэдээлэл хэр их ирж байна вэ?
-Өглөө 07:00 цагаас эхлэн Сонгуулийн ерөнхий хороон дээр иргэдээс гомдол мэдээллийг хүлээн авч байна. 12:00 цагийн байдлаар 176 гомдол мэдээллийн дуудлага авсан.
Үүнээс 165 нь санал авах байрны хаяг байршлыг асуулаа. Иргэд burtgel.gov.mn сайт болон "Сонгогчийн лавлах 1800-2800" утаснаас хаана санал өгөхөө мэдэж авах боломжтой. Мөн сонгуулийн хороодын үйл ажиллагаатай холбоотой 11 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд СЕХ-ноос шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
-Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхтэй холбоотой хэргийг хэр хугацаанд багтаан шийдвэрлэх вэ?
-Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхтэй холбоотой асуудлыг СЕХ шийдвэрлэхгүй. Харьяаллаараа цагдаагийн байгууллага шалгаж шийднэ. Хэрэв хууль зөрчсөн үйлдэл гарсан байна гэж үзвэл цагдаа болон холбогдох байгууллагад хандан гомдлоо гаргах боломжтой.
-Иргэд саналаа өгөхдөө дутуу эсвэл илүү хүний нэр дугуйлсан тохиолдолд яах ёстой вэ?
-Мандатын тоотой тэнцүү хэмжээний нэр дэвшигчийн дугуйлах ёстой. Хэрэв дутуу дугуйлсан бол санал тоолох төхөөрөмж таньж, уншихгүй тул гүйцээж будах ёстой. Харин илүү хүний нэр дугуйлсан тохиолдол сонгогч хүсэлтээ гаргаж, дахин саналын хуудас авч, мандатын тоогоор будах боломжтой.
-Хэвлэл мэдээллийн байгууллагыг зарим хэсгийн хороонд нэвтрүүлээгүй, 07:00 цагт санал авах байр нээгээгүй гэх зэрэг мэдээлэл байна?
-Тийм зөрчил, мэдээлэл СЕХ-д ирүүлээгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагад мандат олгосон. Хэсгийн хороод руу хэвлэл мэдээллийн байгууллагыг нэвтрүүлээгүй гэх гомдол ирээгүй. Хэрэв тийм явдал гарвал СЕХ-нд мэдэгдэх боломжтой. Сонгуулийн хэсгийн хороод хэвийн ажиллаж байна.
-Нийт хэдэн иргэн гол ус гаталж саналаа өгөх вэ?
-Одоогоор тийм мэдээллийг УОК, ОБЕГ-аас ирүүлээгүй.
-Алслагдсан аймгаас мэдээлэл ирүүлэхэд хэр хүндрэлтэй байна вэ?
-Ирцийн мэдээллийн хувьд цаг агаарын байдлаас шалтгаалан саатсан. Бид холбогдох бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Цаашид ирцийн мэдээг саадгүй, шуурхай дамжуулахаар ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ