УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ

2020 оны УИХ-ын Сонгуулийн санал хуралт  өнөөдөр орон даяар 07:00 цагт эхэллээ. Энэ удаагийн сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. 


Харин санал өгөх сонгогчийн тоо УБЕГ-аас мэдээлснээр 2 сая 624 байна. Сонгогчийн нэрсийн жагсаалтад орсон эсэхээ election.burtgel.gov.mn хаягаар орж регистрийн дугаараа хийгээд шалгаж болно.


Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас энэ удаагийн сонгуулийг УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийн дагуу явуулах онцлогтой. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч санал авах 2,070 байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, амны хаалт, бээлий зэргийг сонгогчдод зориулан бэлтгэсэн" тухай өчигдөр мэдээлж байв. Иргэд санал авах байранд энэхүү зөвлөмжийг дагаж сонголтоо хийх юм.


Чингэлтэй дүүргийн 25-р тойргийн 3-р хэсгийн дарга Т.Нарантуяа "Бид бүх бэлтгэлээ хангаж зөөврийн санал хураалтынхаа хуудсыг уншуулах гэж байна. Чингэлтэй дүүргийн 25-р тойргийн 3-р хэсгийн санал авах байранд хэсгийн хорооны нийт 16 хүн ажиллаж байна. Мөн бүх нам эвсэл, бие даагчдын төлөөлөл 25 ажиглагч ажиглалт хийнэ. Ажиглагч нар дөрвөн цагаар ээлжлэх ба нэг ээлжид 9 ажиглагч байна. Нийт 2056 сонгогч тус хэсгийн санал авах байранд санал өгөхөөр бүртгэгджээ" гэлээ. 




СЭТГЭГДЭЛ БИЧИХ