Хоймор нутгийнхан Д.Ганболдыг дэмжинэ
“Оюутолгой төслийн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайд хийсэн гэрээтэй холбогдуулж Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Өмгөөлөгч нар "С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нар нь Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан. Ийм үед СЕХ-оос зөвшөөрөл авалгүй цагдан хорьсон нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчиж, сонгогчдын эрхэнд халдсан. Хэн хаанаас турхиад байна вэ. Нам уу, бүлэглэл үү. Хэн нь хоригдоод байна, хэн нь гадуур байцаагдаад байна гээд олон асуудлыг сайтар ажиглах ёстой" гэлээ.
Мөн АН-ын зүгээс "Энэ хэрэг явдлыг сонгууль болохоос өмнө ч юм уу, эсвэл сонгуулийн санал хураалт болж өнгөрсний дараа шийдэх хангалттай хугацаа байгаа. Гэтэл УИХ-ын сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө өндөр рейтингтэй яваа нэр дэвшигчдийг цагдан хорьсон нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн эрх баригч намынхны явуургүй үйлдэл" гэж мэдэгдээд байна.
Нэр дэвшигчдийг сонгуулийн үеэр цагдан хорьж, 10 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгийг байршуулахыг шаардсан нь шүүхийн практикт байгаагүй шийдвэр болохыг хуульч, өмгөөлөгч нар онцолж байна.
Шүүх танхимын гадна цугласан иргэд “Монголд сонгох, сонгогдох эрх гэж байхгүй болж. УИХ-д нэр дэвшигчдийг ингэж байгаа юм чинь жирийн иргэдээр хүссэнээрээ тоглох юм байна. Нэр дэвшигчдийг шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарлаж байна. Шүүхийн шийдвэрийг үнэхээр гайхаж байгаа. 10 тэрбум төгрөг шаарддаг, тэрбумтан биш бол шоронд ордог тогтолцоо монголд бий болчих вий. Шүүхийн шийдвэр хуулиа зөрчлөө. Хэдийгээр нэр дэвшигчийг маань барьж, хорьсон ч иргэд сонголтоо өөрчлөхгүй. Биеийг нь барьж хорьсон ч хүсэл зоригийг нь мохоож чадахгүй” гэлээ.
Д.Ганболдын өмгөөлөгч “УИХ-ын 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт АН-аас нэр дэвшигч Д.Ганболдоос 10 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө шаардсан бөгөөд энэ нь илэрхий биелэгдэшгүй даалгавар. УИХ, Засгийн газрын хэн нь ч Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгоогүй, ер нь болгох ч үгүй байх. Оюу толгой төсөл зогсвол эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэдгийг цаанаа бол бүгд мэдэж байгаа. Тийм болохоор л шийдвэр нь ярьсанаас нь өөрөөр гараад байдаг гэж хардаг.
Дубайн төлөвлөгөөгөөр зогсонги байдалд ороод байсан Оюу толгой төсөл амь орж, гадаадын хөрөнгө оруулалт, валютын урсгал нэмэгдсэн, ханш тогтворжсон, Оюу толгойгоос халагдсан ажилчид ажилдаа эргэж орсон, төслийг дагаад ханган нийлүүлэгч иргэд, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдсэн, орон нутаг дахь дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил эрчимжсэн, эдийн засаг өссөн зэрэг өгөөжийг хэн ч ярихыг хүсдэггүй.
Ажил хийсэн төрийн албан хаагчдаа уралдан харлуулж цаашлаад эрүүгийн гэмт хэрэгт буруутган шалгаж шүүхээр шийдвэрлэж байгаад өмгөөлөгчийн хувьд эмзэглэж байна. Сэтэрхий зүү, өнчин ишиг ч аваагүй байж эрүүгийн гэмт хэрэгтэн болж шүүгдэж байгаа Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг харахаар өөрийн эрхгүй “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдэг үг санаанд ороод байх юм” гэлээ.
Шүүх бүрэлдэхүүн С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг долдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргажээ. Шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан юм байна. Тиймээс шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 06-ны 09.00 цагт товлоод байна.
АН-ын сонгуулийн штаб
СЭТГЭГДЭЛ БИЧИХ