"Нэр дэвшигч Б.Бямбасайхан хоригдсон ч дарханчууд сонгоно"
Оюутолгой төслийн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайд хийсэн гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар дахин хойшиллоо. Нэр дэвшигчдийн өмгөөлөгч нар цагдан хорих арга хэмжээгээ өөрчлөх хүсэлт тавьсан ч шүүхийн зүгээс хүсэлтийг нь хүлээн аваагүй бөгөөд үргэлжлүүлэн 14 хоног хорихоор шийдвэрлээд байна.
Нэр дэвшигч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт “Өнөөдөр шүүх хурал дахин хойшилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үеэр хорьж байгаад сонгууль дуусгах нь. Энэ бол дэндүү хууль зөрчсөн, байж боломгүй асуудал юм. Нэр дэвшигчийг өнөөдөр ямар нэгэн байдлаар СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглосон байдаг. Тиймээс та бүхэн хууль бусаар цагдан хоригдоод байгаа нэр дэвшигчээ дэмжээрэй. Ийм булхайтай асуудалд үгүй гэж хэлээд нэр дэвшигчээ сонгоорой гэж дарханчууддаа уриалмаар байна. Сонгогдох эрх нь одоог болтол нээлттэй байгаа шүү” гэсэн юм.
Нэр дэвшигчдийг цагдан хорьсон асуудлыг эсэргүүцэж, нутгийн залуус яг одоо шүүхийн гадна эсэргүүцлийн цуглаан хийж байна. Тэд нутгаас төрсөн улс төрчдөө суллахыг шаардаж буй юм. Иргэд “Манай нутгийн нэр дэвшигчдийг сонгуультай холбож, дарж авахыг оролдож байна.
Тиймээс нутгийн залуус бид Б.Бямбасайханыг сонгох болно. Нэр дэвшигч Б.Бямбасайханыг нэрийн жагсаалтаас хасчихсан гэдэг худал мэдээллийг түгээж байна. Тийм зүйл байхгүй. Сонгуулийн ажил нь хэвийн үргэлжилж байгаа. Хэдийгээр хууль бусаар хоригдон өөрөө эзгүй сонгууль болж байгаа ч дарханчууд Б.Бямбасайханыг сонгох болно” гэлээ.
Эргэн сануулахад, өнгөрөгч зургадугаар сарын 19-ны өдөр тус шүүхэд болсон хуралдаанд хоёр шинжээчийг оролцуулах 13 өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг зургаадугаар сарын 22-ны 09:00 цаг болгож хойшлуулсан билээ.
Гэхдээ Б.Бямбасайханыг хоёр тэрбум төгрөгийг байршуулаагүй гэдэг үндэслэлээр шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргасан. Тэгвэл өнөөдөр ч түүнийг үргэлжлүүлэн хорихоор болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ