Дэлхийд ардчилал давамгайлж, Монголд АН олонхи болно гэжээ
Монголчууд бид ирэх дөрвөн жил төрийн эрх барих дээд байгууллагад ямар хүмүүсийг гаргаж ирэх вэ гэдэг түүхэн сонголтоо баталгаажуулах өдөр ойртож байна. Энэ жилийн сонгуульд аль нам, эвсэл олонхи болох талаарх таамгийг судалгааны байгууллагууд дэвшүүлжээ.
Жишээ нь, улс төрийн судалгааны “Полис-М” төвөөс хийсэн судалгаагаар УИХ-ын 2020 оны УИХ-ын сонгуульд АН олонхи болно гэсэн үр дүн гарсан байна. Тодруулбал, 2020 оны парламентын сонгуульд АН-41, МАН-30, бусад нам, эвслүүд таван суудал авна гэжээ.
Өнөөгийн нийгмийн хандлага, улс төрийн нөхцөл байдлыг харахад УИХ-ын 2020 оны сонгуульд АН олонхи болох магадлал хамгийн өндөр байна.
Нэг.
Өнөөдөр Монголд ядуурал, авлигал, хүнд суртал, гэмт хэрэг, дарангуйлал, популизм л хамгийн их гаарч буй. Хэдий Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 жилийн нүүр үзэж байгаа ч төрийн эрх барьж байгаа улстөрчдийн сэтгэхгүй коммунизм, фашизмаараа байх шиг. Энэ нь 100 жилийн түүхтэй МАН-ынхны хуучинсаг, дарангуйлагч үзэл баримтлалын нөлөө ч байхыг үгүйсгэхгүй.
Ардчиллын үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эрх тэгш байдал алдагдсан. Энгийн иргэнд хууль үйлчилдэг, эрх мэдэлтнүүдэд хууль үйлчилдэггүй нийгмийг ардчилал гэхгүй. Монголчууд ч ийм ардчиллыг хүсээгүй. Тиймээс Монголын ард түмэн ардчилсан үзэл баримтлалтай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг АН-д итгэл үзүүлэх магадлал хамгийн өндөр байгааг зарим судлаач онцолж байна.
Хоёр.
Дэлхий дахинд цар тахал дэгдэж, нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч улс орнууд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын ээлжит сонгуулиа амжилттай зохион байгуулж байна. Тэдний нэг нь Монгол Улс болох нь гарцаагүй.
Дэлхийн улс орнуудын парламентын сонгуулийн үр дүнг гарахад, ардчилсан үзэл баримтлалтай намууд сонгуульд ялалт байгуулах хандлага давамгайлж байна. Жишээ нь, Израйлийн парламентын сонгууль өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд болж, баруун-төвийн ардчилсан үзэл баримтлалтай “Ликуд” нам 36, төв-либериал үзэлтэй “Цэнхэр ба цагаан” нам 33 суудал тус, тус авч Эвслийн Засгийн газар байгуулагдсан.
Мөн Тажикстаны парламентын сонгууль гуравдугаар сарын 1-нд болж, Ардчилсан нам 47 суудал авснаар дахин үнэмлэхүй олонхи болжээ. Өмнөд Солонгосын парламентын сонгууль дөрөвдүгээр сарын 15-нд болов. Энэ удаагийн сонгуульд мөн л Ардчилсан нам нь 180 суудал авч, сонгуульд ялалт байгуулан үнэмлэхүй олонхи болжээ.
Шинэ залуу үеийнхний ардчиллыг сонгож байгаа дэлхийн чиг хандлага Монголд ч давамгайлахыг үгүйсгэхгүй. Учир нь, Монголд нийт сонгогчдын 40 гаруй хувь нь ардчилсан нийгэмд төрж, өсч буй шинэ залуу үеийнхэн эзэлж байна. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жилийн ойгоороо Монголын ард түмэн АН-д итгэл үзүүлнэ гэдгийг ардчиллын партизанууд ч онцолж байсан юм.
Гурав.
Сонгуулийн санал хураах өдөр дөхсөнтэй холбоотойгоор янз бүрийн мэдээлэл хөвөрсөөр. Иргэдийн саналыг худалдан авахын тулд мөнгө тараалаа, бензин тараалаа, гурил будаа тараалаа… гэх. Өнөөдөр амь зуух хоолгүй, 20 мянган төгрөгөөр нэг кг мах худалдан авч чадахгүй олон айл өрх, ажилгүй, орлогогүй олон мянган хүн бий. Улстөрчид надад саналаа өгөөрэй гээд зүгээр мөнгө өгч байгаа бол иргэд авна. Тараасан мөнгөөр нь иргэд хэд хоног л хоолтой, гэдэс цатгалан явна.
Харин үүнийг улстөрчид иргэдийн ходоодоор нь саналыг худалдаад авчихсан гэж бүү эндүүр. Иргэд аль хэдийнэ өнгөрсөн дөрвөн жилийг эргэцүүлж сонголтоо хийсэн гэдэгт итгэлтэй байна. Ард түмэн солих гэж сонгууль хийдгийг мэднэ. Итгэл үзүүлж сонгосон МАН-ынхан татвар нэмэхгүй, махны үнэ, долларын ханш өсгөхгүй, өрийн дарамтаас гаргана гэсэн амлалтаасаа буцсаныг иргэд, сонгогчид хамгийн сайн санаж байгаа. Иргэд улстөрчид шиг загасны ой санамжтай биш.
Ардын нам ард түмнийхээ амьдралыг дээрдүүлсэн үү, дордуулсан уу гэдэгт иргэд наашаа харж тараасан мөнгийг чинь аваад, цаашаа харж сонголтоороо хариу барина. Ард түмэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эргүүлэн авах сонголтыг хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Ч.Солонго
СЭТГЭГДЭЛ БИЧИХ