Зургаан нэр дэвшигч цагдан хорихоос "өрсөлдөж" байна

УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан зургаан нэр дэвшигч шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байна.


Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг тавдугаар сарын 28-ны өдөр мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргасан. Түүнийг цагдан хорих шийдвэр үндэслэлтэй байгаагүй гэдгийг өмгөөлөгч нь мэдэгдэж байв. Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм. 

Н.Номтойбаяр нь УИХ-ын сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж буй бөгөөд түүний сонгуулийн сурталчилгааны ажлыг аав Б.Нямтайшир нь зохион байгуулж байна.



Үүний дараа зургаадугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг гэм буруугийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргасан. Түүнд мөн л эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэх заалтаар яллах дүгнэлт үйлдсэн.


Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан зургаадугаар сарын 17-ны өдөр болсон бөгөөд Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь өмгөөлөгч нараасаа татгалзаж, шинээр өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулах, шүүгдэгч С.Мандахбат шинээр нэмж өмгөөлөгч авсан ба, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах боломжоор хангах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг энэ сарын 22-ны өдөр болтол хойшлуулсан.


Харин зургаадугаар сарын 17-ны өдөр УИХ-ын 28-р тойрогт Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс нэр дэвшиж буй Х.Бат-Ялалтыг цагдан хорих шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Х.Бат-Ялалтыг урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэн түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд холбогдох эрүүгийн хэргийн хэлэлцэх шүүх хуралдааныг энэ  сарын 23-ны өдрийн 09:00 цагт товлосон юм. 


Үүний дараагаар зургаадугаар сарын 18-ны 09:00 цагт эхэлсэн шүүх хуралдаанаар дахин нэмж гурван нэр дэвшигчийг цагдан хорих шийдвэр гарлаа. Тодруулбал, Сэлэнгэ аймаг буюу 13-р тойрогт нэр дэвшиж буй С.Баярцогтыг 10 тэрбум төгрөг,  Хөвсгөл аймаг буюу 17-р тойрогт нэр дэвшиж буй Д.Ганболд, Дархан-Уул аймаг буюу 19-р тойрогт АН-аас нэр дэвшиж буй Б.Бямбасайхан нарыг хоёр тэрбум төгрөгийн барьцаа байршуулаагүй гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.


Ийнхүү энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж буй зургаан хүн цагдан хорихоос сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ