Төрийн байгууллагад байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг бүрэн хална
МАН мөрийн хөтөлбөртөө ЦАХИМ МОНГОЛ-ХҮНД СУРТАЛГҮЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ний чиглэлээр дараахь зорилтуудыг тусгажээ.
- Төрийн байгууллагад байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг бүрэн халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг “Нэг иргэн- Нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
- Мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан төрийн байгууллагын үйлчилгээнд цахим технологи нэвтрүүлж, хүнд суртал, авлига хамгийн их үүсгэж буй үйлчилгээнүүдийг цахимжуулна. (цахим гааль, цахим татвар, цахим иргэний бүртгэл, цахим шүүх, цахим газрын харилцаа, цахим эрүүл мэнд, цахим боловсрол гэх мэт)
- Хүнд сурталгүй төрийн үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулж, төрийн албан хаагчдыг чадавхжуулж, төсвийн зардлыг хэмнэнэ.
- Мэдээллийн аюулгүй байдлын, Цахим болон тоон гарын үсгийн, Мэдээллийн сангийн, Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын зэрэг цахим засаглалыг хөгжүүлэхэд шаардагдах хууль тогтоомжийг батална.
- Их өгөгдөл (big data)-д суурилсан мэдээллийн нэгдсэн сан үүсгэж иргэн, төр, бизнесийн байгууллагууд цахимаар мэдээлэл солилцох, ашиглах техник технологийн дэд бүтцийг бий болгоно.
- Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11 төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөн иргэдийн нэгдсэн мэдээллийн төв болгож, төр, иргэний эргэх холбоог сайжруулна.
- Цахим ардчиллыг хөгжүүлж, төрийн бодлого, хууль, журам боловсруулан, шийдвэр гаргах үйл явцад иргэд саналаа өгөх, хяналт тавих зорилготой хуулиар заасан хугацаа тогтоож, цахимаар оролцох боломжийг өргөжүүлнэ.
- Төрийн байгууллагад хандсан иргэдийн өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдэж, тушаал, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг цахим хэлбэрээр хянадаг болно.
- Газарзүйн мэдээллийн системд тулгуурласан хаягжилтын нэгдсэн сан бүрдүүлж, иргэд, байгууллагын хэрэглээнд нэвтрүүлнэ.
- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хот бие даан хөгжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, улс, орон нутгийн хотын зэрэглэлийг тодорхой болгоно.
- Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг иргэд, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэн, олон нийтэд нээлттэй, хяналттай тогтолцоонд бүрэн шилжүүлнэ.
МАН-ын сонгуулийн штаб.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ