Монголбанкны алтны нөөц буурчээ

Төв банкнуудын тавдугаар сарын алтны нөөцийн дүнг Олон Улсын Валютын Сан гаргалаа. Монголбанкны алтны нөөц тавдугаар сард 0.65 сая унц болж өмнөх сарынхаас 0.1 сая унцаар буурсан байна.


Харин Турк улсын Төв банк алтны нөөцөө бүх цаг үеийн хамгийн дээд түвшинд буюу 21.28 сая унцад хүргэсэн талаар Олон Улсын Валютын Сан мэдээллээ. Бусад орны Төв банкнуудаас Колумбийн алтны нөөц 0.03 сая унцаар буурсан бол Энэтхэгийн алтны нөөц 21.05 сая унц болж бага зэрэг өссөн дүнтэй байна.


Дэлхийн алтны зөвлөлөөс саяхан явуулсан судалгаагаар Төв банкнуудын 20 хувь нь энэ онд алтны нөөцөө нэмэгдүүлэхээр зорьж байгааг харуулсан байна. Өнгөрсөн онд найман хувь нь ийм хариу өгч байжээ. Төв банкнуудын алт худалдан авалт нэмэгдэж буй нь тогтвортой байдлаа сайжруулах гэсэн оролдлоготой нь холбоотой гэж үзэж болохоор байгаа аж.


Үүнээс гадна ирэх таван жилд олон улсын валютын нөөцөд алт болон БНХАУ-ын юанийн үүрэг оролцоо улам бүр нэмэгдэх төлөвтэй байгаа талаар Дэлхийн алтны зөвлөл таамаглажээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ