Э.Бат-Үүл: Нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт орно

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Бат-Үүл өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. 


Нэр дэвшигч Э.Бат-Үүл "Ардчиллын анхдагчид бид өнөөдөр энд цугларч байгаа шалтгаан нь зургаадугаар сарын 24-нд болох сонгууль чөлөөт ардчилсан сонгууль болохгүй нь. Энэ сонгууль дарангуйлагчийг хууль ёсны мэт болгож харагдуулах гэсэн хулхи сонгууль болох гэж байна. Энэ бүхэн АН-аас нэр дэвшигч С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорьсноор тод илэрлээ. Өнөөдөр Монгол Улсын шүүх МАН-ын шүүх болсон байна. Ард түмэн Засгийн эрх барих дээд эрх рүү шүүх халдлаа. 1990 оны ардчиллаар олж авсан хамгийн дээд эрх бол энэ.


Үүнийг хүлээн зөвшөөрснөөр бусад бүх эрх урган гардаг. Гэтэл энэ эрхийг Дээд шүүх нулимж дэвслээ. Шүүх Үндсэн хуулиа мэдэхгүй байна. Ер нь Монголын шүүхэд хуулиа мэддэг шүүгч байгаа эсэхэд эргэлзэхэд хүрлээ. Монгол Улсын шүүх МАН-ын шүүх болсныг эсэргүүцэж өнөөдөр цугларч байна. Хууль бусаар Засгийн эрх мэдлийг булаан авч, Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн хэрэг болно. Хэрэв тэднийг 48 цагийн дотор суллахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт орно гэдгээ мэдэгдэж байна. 



Хэнтий аймагт У.Хүрэлсүх сонгогдох боломжгүй болсон. Яагаад гэвэл малчдын ноолуурыг хулхидсаныг малчид эсэргүүцэж байна. Өнөөдөр бүтээн байгуулалт нэрийн дор 2016-2020 оны хооронд 5 их наяд төгрөгийг Хятадын бизнесүүд рүү шахсан явдлыг эсэргүүцэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн бүх бүтээн байгуулалтыг Хятадын компани хийж, Монголын компаниудын зөвхөн туслан гүйцэтгэгч хийсэн. Үүнийг манай Хан-Хэнтийчүүд маш их эсэргүүцэж байгаа. Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Бурхан Халдуны сав нутагт 10 мянган га газрыг Хятадын компанид өгсөн байна. Энэ бүх нутгийн иргэдийн эсэргүүцлийн үр дүнд У.Хүрэлсүх сонгогдохгүй боллоо.


Гэтэл одоо хүч хэрэглэсэн сонгууль явуулах гэж байна. Ард түмний сонгох эрхийг хангаагүй ийм сонгуулийг зөвшөөрөхгүй. Дарангуйллын хулхи сонгуулийг зөвшөөрч болохгүй учраас ард түмэнд зарлаж байна. Бид 1990 оны ардчилсан хувьсгалаа доромжлуулахгүй. Энэ улс орныг дарангуйлал руу оруулахыг ардчиллын анхдагчид зөвшөөрөхгүй” гэв. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ