Оюутнуудын цагаар хөдөлмөр эрхлэх үед мөрдөх журам гаргалаа
Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн дагуу 100 ба түүнээс дээш ажилтантай хувийн хэвшлийн байгууллагууд нийт ажилтныхаа 5 хувьтай тэнцэх орон тоог оюутнуудад зориулах үүрэгтэй. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад шаардлагатай дагалдах журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар батлан гаргалаа.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хүн амын 47.5 хувийг залуучууд эзэлж байна. Нийслэлд залуучуудын 39.2 хувь, орон нутагт 22.2 хувь нь л хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт аж.
Судалгаагаар 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтойгоо илэрхийлсэн байна. Иймд холбогдох хуулийн заалт болон нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн дээрхи журмыг боловсруулан батлав.
Журамд оюутнуудыг цагаар хөдөлмөр эрхлэхэд баримтлах зарчим нь оюутны хүсэл, сонирхол, сонголт, хэрэгцээнд тулгуурласан байх, тухайн ажлын үнэлгээнд тохирсон цалин хөлстэй байх, оюутны эрүүл мэнд, аюулгүй байдал, бие хүний төлөвшил хичээл сургалтад сөргөөр нөлөөлөхгүй байхаар нарийвчилсан зохицуулалтуудыг тусгажээ. Ингэхдээ хичээлийн бус үед тогтоосон цагийн хязгаар дотор ажил хийх, судалгаа шинжилгээний ажилд оролцох, бие даан бүтээл туурвих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох боломжтой байхаар зохицуулсан байна.
Мөн ажил олгогч болон их дээд сургуулиудын эрх үүргийг зохицуулж, цагаар хөдөлмөр эрхлэх оюутнуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцаануудыг үүгээр зохицуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ