Р.Амаржаргал: Монгол хүн бүрд баялгийн тэгш хуваарилалт, өсөлтийг өрх бүрд хүртээх зарчмыг тууштай баримтална
АН-аас 2020 оны сонгуульд нэр дэвшигч Р.Амаржаргал өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, намаас өгсөн итгэл найдварыг хүлээн авч байгаагаа мэдэгдэн, олонх болсон тохиолдолд Ерөнхий сайд болж цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцууллаа.
Тэрбээр, “Би зарим нэгэн тоо дурдъя. Нүцгэн тоо худал хэлэхгүй. Эдийн засаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.7 хувиар уналаа. Экспорт -38.5 хувь, импорт -13.5 хувь, гадаад худалдааны нийт эргэлт -28.5 хувь, аж үйлдвэрийн үйлдвэрлэл -27.3 хувиар уналаа. Аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээ, агаарын тээвэр тун хүнд байна. Эдгээр тооны цаана бодит хүн, айл өрх, ахуй амьдрал, амьжиргаа байгаа” гэсэн юм.
Хямралаас гарах 100 хоногийн төлөвлөгөөндөө төсвийн тодотголыг хийж, төсвийн зардлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх, хэмнэсэн мөнгөө ААН-ийн орлогыг дэмжихэд чиглүүлнэ, шинээр нэмэгдсэн 9 төрлийн татварыг цуцална, НӨАТ-ыг 10-аас 5% болгон бууруулна,
“Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр” зэрэг төрийн өмчит компаниудыг хувьцаат хэлбэрт шилжүүлж, Монгол хүн бүрд баялгийн тэгш хуваарилалт, өсөлтийг өрх бүрд хүртээх зарчмыг тууштай баримтална гэж мэдэгдлээ.
Цааш нь хэлэхдээ "Тиймээс Өсөлтийн засгийн газрыг дэмжиж ард түмэн, сонгогч та бүхэн Ардчилсан Намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж саналаа өгөөч хэмээн чин зүрхнээсээ хүсч байна. Би хийсэн ажлынхаа бүх хариуцлагыг энэ биеэрээ ард түмнийхээ өмнө хариуцах болно" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ