Р.Амаржаргал: АН ялвал санхүүгийн мөлжлөгийг зогсоож, төрийн өмчит компаниудын хувьцааг монгол хүн бүрд эзэмшүүлнэ
Р. Амаржаргал миний биеийг АН ялсан тохиолдолд Ерөнхий сайдаар томилох тухай намын шийдвэрийг та бүхэн сонссон байхаа. С. Эрдэнэ дарга улс төрчийн төдийгүй төрийн хүний ноён нуруу гаргаж, урд өмнө байгаагүй жишиг, улс төрийн соёл тогтоолоо.
Миний хувьд энэ бол том итгэл, бас том хариуцлага. Улс орны эрх ашгийн үүднээс “хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай” гэдгийг ухамсарлан АН-ын шийдвэр, журмын нөхдийнхөө итгэлийг хүлээн авч байна.
Өнөөгийн нөхцөл байдал цаашдын шийдэл, гарцын талаар байр сууриа илэрхийлье.
Нэг. Цар тахлаас үүдэлтэй хямрал нь Монголын эдийн засаг бүр мөсөн сөхөрч, элгээрээ хэвтэх үү, үгүй юу гэсэн асуулт тавихад хүргээд байна.
Бодит байдал ямар болчихоод байгааг сонгуулийн хөөсрөл, хэнээрхэл халхлаад тэр болгон олж харахгүй байна уу даа?
Карантин дуусаад л “гялалзуулаад өгнө” гэж ойлгоод байх шиг байна. Тийм амар биш ээ. Ковид 19, дээр нь ган зуд нэрмээс болбол тун ч хүнд байдалд орохоор байна.
Би зарим нэгэн тоо дурдъя. Нүцгэн тоо худал хэлэхгүй. Эдийн засаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.7 хувиар уналаа. Экспорт -38.5 хувь, импорт -13.5 хувь, гадаад худалдааны нийт эргэлт -28.5 хувь, аж үйлдвэрийн үйлдвэрлэл -27.3 хувиар уналаа. Аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээ, агаарын тээвэр тун хүнд байна. Эдгээр тооны цаана бодит хүн, айл өрх, ахуй амьдрал, амьжиргаа байгаа.
Өнгөрсөн 4-р сард ажилгүйдлийн санд хандсан хүний тоо 43 хувиар нэмэгдэв. Хандаагүй хэд байгаа билээ? Хөдөлмөр эрхлэлтийн тоог сүүлийн үед нийтлэхгүй нууж байна. Бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо цөөрсөн гэдгээр өөрсдийгөө хуураад сууж байна.
МҮХАҮТ одоогийн байдлаар 100 мянган хүн ажилгүй болсон бөгөөд цаашид ч өснө гэж зарлаж байна. Ядуурал 28.4%, өрхийн орлого жоохон л буурахад ядуугийн эгнээнд орох хүний тоо сараас сард нэмэгдэж байна. 6, 7 сарын статистик мэдээгээр ядуурлын түвшин тавин хувиас даваад гарахад гайхахааргүй боллоо.
Улсын төсвийн алдагдал 1.6 их наяд төгрөгрт хүрлээ. Ний нуугүй хэлэхэд сонгуулийн дараа тэтгэвэр, цалингаа тавьж чадахгүй байдалд хүрээд байна.
Гадагш нь гаргаж худалдаагүй байхад дотоодын зах зээлд махны үнэ 20 мянга давчихлаа.
Төлбөрийн баланс, валютын ханш, ГШХӨ зэргийн тоог дурдахаас ч айж байна.
Албан ёсны статистикт тулгуурлан бодит нөхцөл байдлыг та мэдэж байх ёстой. Нүцгэн тоо худал хэлдэггүй юмаа.
Цар тахлаас үүдэлтэй энэ хямралыг давах 5.1 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэж өнөөгийн ЗГ зарласан. Гэтэл эдийн засаг нь 10.7 хувиар агшлаа. Нэг бол энэ их мөнгийг зарцуулаагүй, та биднийг хуурч байна. Эсвэл Засгийн газрын хөтөлбөр огт үр дүнгүй, байгаа онохгүй байна.
2016 онд хоёр мянган км зам тавьж, мянган том жижиг үйлдвэр босгож санхүүжүүлээд, 82 мянган айлыг ипотекийн зээлд хамруулан орон сууцтай болгож, эрчим хүчний шинэ эх үүсвэр нэмэгдүүлж, иргэдийн өмч, хашаа байшинг үнэд хүргэсний төлөө АН өмнөх сонгуулиар “хангалтгүй” гэх үнэлгээ авсан.
Өнөөдөр бид чадна гээд 65 суудал авсан МАН хүчээ нэгтгэж чадсангүй. 200 км зам хуулаад, иргэн болгоноо 28 сая төгрөгийн өрөнд оруулаад зогсохгүй хар жагсаалтад нэмж орууллаа.
Епропын холбооны хар жагсаалтад нэмж орууллаа.
Ганц ч татвар нэмэхгүй гэж байсан МАН 9 төрлийн татвар нэмж, хүүхдийн мөнгөний хадгаламжаас хүртэл татвар авдаг болов.
“Цар тахлын нөхцөлд засгийн газарт нөөц хувилбар байх ёстой. Хурдан хэрэгжүүл, төсвийн тодотголоо яаралтай хий, саарал жагсаалтаас гадна хар жагсаалт гэж буй, түүнд нэг орчихвол гарахад” хэцүү шүү гэдгийг өнгөрсөн 1-р сард миний бие эрх баригчдад сануулж л байсан.
Үнэндээ Ардын нам улс төрийн явцуу эрх ашгаа нэгдүгээрт тавьж, ямар ч үнээр хамаагүй сонгуульд ялах, миний дараа галав юүлсэн ч яахав мэтээр аашилж буй нь илт байна.
Товчхондоо эдийн засгийн байдал тун эвгүй байна. Энэ нь даамжирвал нийгмийн тогтворгүй байдал ч үүсэх вий гэж санаа зовж байна.
Хоёр. УИХ-ын сонгуульд оролцож буй намуудын мөрийн хөтөлбөрт цар тахлаас үүдэлтэй хямралыг хэрхэн даван гарах тухай огт хөндөөгүй нь тун харамсалтай. Ганцхан АН тодорхой төлөвлөгөөг мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Нэг нь нөгөөдөө тээг тавиад байвал бүгдээрээ улам л намагт живнэ. Тиймээс сонгуулийн дараах эдийн засгийн нөхцөл байдлын талаар хариуцлага үүрч буй хүчнүүд нэн яаралтай зөвлөлдөх хэрэгтэй байна. Би үүнд бэлэн. Нээлттэй шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хэлсэнчлэн “монгол ялах” цаг үе одоо л ирлээ.
Гурав. Цар тахлаас үүдэлтэй хямралаас гарах гарц шийдлийг 100 хоногийн дотор олж хэрэгжүүл гэсэн даалгаварыг АН, түүний олон мянган гишүүдээр дамжуулан, Монгол Улсын иргэд надад ногдууллаа. Зүйрлэвэл, миний бие эрчимт эмчилгээний баг ахалж, сэхээнд буй эдийн засгийг аврах үүрэг ногдож байгааг ойлгож байна. Миний хувьд ажлаас айх юм алга. Мэддэг чаддаг бүхнээ дайчлан ажилланаа.
Дөрөв. АН мөрийн хөтөлбөртөө хямралыг гэтлэн давахын тулд ямар арга хэмжээ эхний 100 хоногт авах шаардлагатайг бие даасан нэг бүлэг болгон оруулсан. Та бүхэн танилцсан байх. Тэр бүгдийг энд давтаад яахав.
Бидний баримтлах гол бодлого, зарчим нь: аль болох иргэдийн нуруунд нэмэлт ачаа үүрүүлэхгүйгээр хямралыг даван гарах ёстой гэж үзэж байгаа бөгөөд
ИРГЭД ийн хувьд:
-Амьжиргааны орлого тасалдахгүй
-Ажлаасаа халагдахгүй
-Орон байрнаасаа салахгүй байх ёстой
БИЗНЕС эрхлэгчдийн хувьд:
-Бизнес нь дампуурахгүй
-Намаар нь ялгаварлахгүй
-Хүнд суртлаас ангид байлгах.
Ийм л бодлого зарчмын төлөө АН дотоод гадаад бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно.
Тав. Мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулан уулзалт хийх явцад гарсан санаа, саналыг бид хүлээн авч байна.
Нэн түрүүнд буюу эхний 100 хоногт: Давтан хэлье эхний 100 хоногт
1. Төсвийн тодотголыг хийж, төсвийн зардлыг ач холбогдлоор нь эрэмбэлнэ.
2. Хэмнэсэн мөнгөө ААН-ийн орлогыг дэмжихэд чиглүүлнэ.
3. Шинээр нэмэгдсэн 9 төрлийн татварыг цуцална.
4. НӨАТ-ыг 10-аас 5% болгон бууруулна.
5. Ажлын байр хадгалсан, шинээр буй болгож байгаа аливаа төслийг дэмжинэ. Том төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, жишээ нь, Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор парк, гурван улсыг хамарсан “Талын зам” төсөл зэргийг үндэсний аж ахуйн нэгжүүдийн шууд оролцоотойгоор, тэдний эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавьж хэрэгжүүлнэ.
6. Санхүүгийн салбар дахь хүүгийн мөлжлөгийг яаралтай зогсооно. Бизнес эрхлэгчид, малчид, эмч, багш нар ер нь монгол хүн бүр зээлийн хүүгийн боол байж таарахгүй.
7. Нийтийн өмчийн хэлбэрийг дэмжиж, “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр” зэрэг төрийн өмчит компаниудыг хувьцаат хэлбэрт шилжүүлж, Монгол хүн бүрд хувьцааг эзэмшүүлнэ. Баялгийн тэгш хуваарилалт, өсөлтийг өрх бүрд хүртээх зарчмыг тууштай баримтална.
8. ЖДҮ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, барьцаагүй зээлийг олгож эхэлнэ.
9. Хар, саарал жагсаалтаас энэ намартаа багтаан гаргаж, Монгол Улсын нэр хүндийг дэлхийд дахин сэргээнэ. Хууль иргэд, эрх мэдэлтэн хоёрт ялгаатай үйлчилдэг байдлыг таслан зогсоож, шударга ёс, хуулийн засаглалыг жинхэнэ утгаар нь тогтооно
Энэ бүгдийн эх үүсвэрийг та сонирхож байгаа байх. 7- 7,5 тэрбум ам.долларын экспорттой, гурван сая иргэнтэй эдийн засаг мөнгөгүй гэж байхгүй. Хуваарилалтыг л зөв хийх хэрэгтэй. Төсвөөс хуйвалдан, хулгайлагчдыг зогсоож, цээрлүүлэн, төсвийн шудрага, зөв хуваарилалтыг хийх болно. Энэ бол эдийн засгийн гэхээсээ улс төрийн сонголтын асуудал.
Бас нэгэн зүйл. Хэрэв миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон тохиолдолд одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг халж солихыг урьтал болголгүйгээр төрийн албаны залгамж шинж чанарыг хадгална. Хүнс, хөдөө аж ахуйн яамыг хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн яам болгон өөрчлөн зохион байгуулна.
Түүнчлэн Шинжлэх ухаан, инноваци, өндөр технологи, өрх, гэр бүл, хүүхэд, залуучуудын бодлого, спортын хөгжил хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг тус тус эмхлэн зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ