Р.Амаржаргал "дараагийн" Ерөнхий сайд болох уу?
Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд тус нам олонхи болвол Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг ажиллуулна гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн энэ долоо хоногт багтаан Засгийн газрын гишүүдийнхээ нэрийг зарлана гэдгээ ч мэдэгдээд буй.
Ямартаа ч улс төрийн хоёр гол хүчин ирэх дөрвөн жилд засаг барих Ерөнхий сайд нараа ил болгов. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд аймгуудаар явж, нэр дэвшигчдээ дэмжин, сонгогчидтой хийх уулзалтуудад нь идэвхтэй оролцсоор буй. Тэрээр “Эхлүүлсэн ажлаа дуусгахад надад хугацаа хэрэгтэй. Хийсэн ажлаа дуусгая. Ерөнхий сайдынхаа багийг дэмжээд өгөөч. Хариуцлагаа өөрөө үүрье гэж бодож байна. Бид ажлаа хийж чадахгүй бол дараагийн удаа биднийг улс төрийн гудамжинд хөл нүцгэн хөөгөөд гарга. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзье” гэв.
Ерөнхийлөгчийн засаглалтай АНУ-д Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөгчид дэд ерөнхийлөгчөөр хэнийг ажиллуулахаа урьдчилсан танилцуулдаг уламжлалтай. Харин манайд гүйцэтгэх засаглалын тэргүүн, Засгийн газрын гишүүдийн нэрс үргэлж нууц байв. Харин энэ удаад тэгсэнгүй.
РИНЧИННЯМЫН АМАРЖАРГАЛЫН ТОВЧ НАМТАР
Р.Амаржаргал 1982 онд ЗХУ-ын Москва хотноо Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 1995 онд Их Британийн Брэдфордын их сургуулийг Макро эдийн засгийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй тус тус төгссөн. Одоо 59 настай.
Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцогч, Шинэ дэвшилт холбоо, Монголын үндэсний дэвшлийн намыг үүсгэн санаачлагч. Тухайн үед үзэл баримтлал ижил улс төрийн таван хүчнийг нэгтгэх үйл явцад идэвхтэй оролцож, өнөөгийн Ардчилсан намыг үүсгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.
1982 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагчаар ажлын гараагаа эхэлж, 1983 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн багш, 1991 онд Эдийн засгийн коллежийн захирал, 1998 онд Монгол Улсын гадаад хэргийн сайд, 1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг албан тушаалд томилогдон ажилласан. Тэрээр 2000 оноос Амаржаргал сангийн тэргүүн, 1996-1999, 2004-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан. 2016 оноос Санхүү эдийн засгийн их сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.
2017 онд Ернхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүлсэн ч нам доторх сунгаанд бүдэрч, АН-ын гишүүд Х.Баттулгад итгэл хүлээлгэсэн юм. Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого, макро эдийн засаг, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, боловсрол, даяаршил, чөлөөт худалдаа зэрэг асуудлуудыг төрийн бодлогын түвшинд түлхүү анхаарч ажилладаг гэж танилцуулгадаа дурджээ.
Төгсгөлд нь хэлэхэд ерөнхийлөгчийн сонгуульд “бүдэрсэн” Р.Амаржаргал Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд болох, эсэхийг сонгогчид л шийднэ. Ардчилсан нам УИХ-д олонхи болсон тохиолдолд л тэрээр ирэх дөрвөн жилд УИХ-ын болон Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ