Д.Анхбаяр: БЗД-ийн нэг иргэний хаяг дээр 46 хүнийг бүртгэсэн байна
Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлаар УИХ-ын 25 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшигч Д.Анхбаяр өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт хандлаа.
Тэрбээр хэсгийн хороонд байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг бүх нэр дэвшигчид шалгаж, хянах боломжийг тэгш олгохыг шаардаж өчигдөр мэдээлэл хийж байв. Энэхүү мэдээллийнх нь дараагаар иргэд түүнд хандаж, өөрсдийн хаяг дээрх сонгогчдын нэрийн жагсаалтыг шалгаж, холбогдох баримтуудыг илгээсэн аж.
Энэ талаар Д.Анхбаяр "Өчигдөр мэдээлэл хийсний дараа олон иргэн холбогдож, надад хандаж байна. Өөрсдийн хэсгийн хороон дээрээ очоод нэрийн жагсаалтыг шалгахад таньж мэдэхгүй олон хүний нэрийг бүртгэсэн байгаа тухай баримтуудыг илгээсэн. Үүнээс хамгийн ноцтойг нь хэлэхэд, Баянзүрх дүүргийн нэг иргэний гэрийн хаяг дээр 46 хүнийг бүртгэсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нэг айлын хаяг дээр 15 хүний нэрийг оруулсан байгаа юм.
Үүнийг л холбогдох газрууд шалгаж, засах ёстой. Тагнуулын ерөнхий газар нь Монгол Улсын дотоод, гадаадын аюулгүй байдал, тэр дундаа Үндсэн хуульт байгууллагын аюулгүй байдлыг ханган ажилладаг тул би энэхүү баримтуудаа өгч, шалгуулахаар хандаж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ