Сонгогчдын боловсролд анхааръя!

Сонгогчийн боловсрол нь сонгогчдод сонгууль өгөхийн ач холбогдлыг танин мэдүүлж, тэднийг сонгуульд бэлэн байлгахад чиглэсэн ойлголт бөгөөд ардчилсан сонгууль дахь иргэдийн хандлага, зан байдлыг илтгэдэг. Сонгогчийн боловсрол нь хэний төлөө санал өгөх вэ гэхээс илүүтэй, хэрхэн санал өгөх вэ гэдэгт төвлөрдөг.


Сонгогчийн боловсрол юунд хэрэгтэй вэ?


Сонгогч саналаа өгөхийн тулд зарим зүйлсийг заавал мэдэх шаардлагатай. Уг мэдлэгийг олгох нь сонгогчийн боловсролын нэг үүрэг бөгөөд сонгуулийг шударга, чөлөөтэй, зардал багатай явуулах зорилготой. Сонгогчийн боловсролын ачаар сонгогчид сонгуулийн үеэр хэн нэгэнд амархан хууртахгүй, хэрсүү, аливааг олон талаас харах чадвартай болохоос гадна зар сурталчилгаа, суртал ухуулгад “тэсвэртэй” болдог.


Зөвхөн сонгогчийн боловсролоор ардчиллыг бий болгож чадахгүй ч түүнийг хамгаалж чадна хэмээн зарим судлаачид үздэг. Сонгогчийн боловсролоор дараах үндсэн гурван мэдлэгийг иргэдэд олгодог:


Нэгдүгээрт. Санал өгөхийн тулд хэрхэн бүртгүүлэх вэ - Ихэнх ардчилсан орнуудад санал хураах өдрөөс өмнө бүртгүүлсэн байхыг шаарддаг. 


Хоёрдугаарт. Саналын хуудсыг хэрхэн бөглөх вэ - Саналын хуудсыг буруу бөглөснөөр тухайн хүний санал хүчингүйд тооцогдох, буруу тоологдох эрсдэлтэй. Тиймээс саналын хуудсыг хэрхэн бөглөх талаар тодорхой мэдээллийг тогтмол өгөх шаардлагатай.


УИХ-ын нэгдүгээр тойргийн саналын хуудсыг жишээ болгон харуулав.   УИХ-ын нэгдүгээр тойргийн саналын хуудсыг жишээ болгон харуулав.


Гуравдугаарт. Сонгуулийн тогтолцоо - Саналаа өгөх нь сонгуулийн эцсийн үр дүнд хэрхэн нөлөөлөхийг мэдэх нь чухал. Тухайн сонгууль ямар тогтолцоогоор явж байгаагаас хамаарч сонгогчдын санал хэрхэн тоологдох нь шалтгаалдаг.


Сонгогчийн боловсролыг хэн олгох ёстой вэ?


Ихэвчлэн Сонгуулийн хороо, төрийн зарим агентлагууд, хүний эрхийн комисс, олон улс болоод орон даяарх иргэний нийгмийн байгууллагууд сонгогчийн боловсролын тухай сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулдаг. Энэ нь тэдний сонгуулийн үеийн нийгэмд хүлээх чухал үүрэг юм. Аль нэг нам, төрөөс шууд хамааралтай, хараат байгууллага сонгогчдод боловсрол олгохоос илүүтэй суртал ухуулга хийх нь элбэг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй. 


Сонгогчид хаана хэзээ хэрхэн саналаа өгөхийг сонгуулийн хорооноос гадна хэвлэл мэдээллийн байгууллага маш сайн танин мэдүүлэх шаардлагатай.


Монгол улсын хувьд зөвхөн сонгуулийн үеэр сонгогчийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, нийтлэл, нэвтрүүлгүүд цацдаг. Тухайлбал 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо өөрийн фэйсбүүк хуудсанд сонгогчийн боловсролын цуврал бичлэгийг хүргэж буй. Мөн энэ удаагийн сонгуулиар тусгай хэрэгцээт буюу хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан бичлэгийг бүтээсэн нь өмнөх жилүүдээс онцлогтой болжээ.


Сонгогчдод бүх талаар ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь сонгуулийг зардал багатай, цаг хугацаа хэмнэн явуулахад тустай бөгөөд сонгогчдийн боловсрол сайн байх тусам сонгуулийн ирц бүрэн байдаг. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ