С.Эрдэнэ: Ардчилсан нам олонх болвол дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг нэр дэвшүүлнэ
Ардчилсан намын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ид дундаа явж байна. Манай нэр дэвшигчид Монгол орон даяар амжилттай өрсөлдөж байна. Энэ сонгуульд анхнаасаа амжилттай оролцоно гэсэн байр суурьтай байсан. Үүнийг амжилттай үргэлжлүүлж байна. Дараагийн Засгийн газар томилогдох хүртэл одоогийн Засгийн газар бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Сонгууль байна уу ямар ч үед Засгийн газар өөрийн чиг үүргээ тасралтгүй үргэлжлүүлэх ёстой. Харамсалтай нь Монгол Улсын гадаад дахь нэр хүн туйлын таагүй байна.
Европын холбооны хар жагсаалтад орсон, зээлжих зэрэглэл муудсан, хар тамхитай асуудлаар олон улсын анхаарлын төвд орсон зэрэг таагүй үзүүлэлтүүд байна. Сонгуулийн ийм цаг үед Ардчилсан намын удирдах зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцсэн. Энэ сонгуульд Ардчилсан нам олонх болох нь ойлгомжтой. Тийм учраас сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг авч хэлэлцсэн. Шинээр бүрдэх Засгийн газрын бүрэлдэхүүнийг энэ долоо хоногт багтааж зарлана. Ардчилсан нам олонх болсон тохиолдолд Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхээр албан ёсоор шийдвэр гаргасан. Ардчилсан намын удирдах бүрэлдэхүүн энэ саналыг 100 хувь дэмжсэн" гэв.
Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал "Энэ бол Ардчилсан намаас надад олгож буй том итгэл найдвар, үүрэг хариуцлага гэж хүлээж авч байна. Үүнийг биелүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Ний нуугүй хэлэхэд энэ мэдээг би сая л сонслоо. Тиймээс энэ асуудлаар ойрын хугацаанд өөрийн байр сууриа илэрхийлнэ" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ