"Хөвсгөлчүүдэд газрын эрхийн зөрчил нийтлэг тулгарч байна" гэв
УИХ-ын 17 дугаар тойрог, Хөвсгөл аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Баярмаа, Да.Ганболд, Ч.Батцогт нар иргэд, сонгогчидтой уулзаж, санал бодлыг нь сонсож явна. Энэ үеэр Хөвсгөлчүүд өөрийн эзэмшлийн газар, бэлчээр усаа бусдад алддаг нийтлэг асуудалтай тулгарч буйгаа ярьжээ.
Тухайлбал, газар тариалангийн бүс нутаг болох Рашаант, Тариалан суманд газар тариалангийн компаниуд малчдын бэлчээрийн газрыг их хэмжээгээр хашаалж авсан байна. Мөн аялал жуулчлалын бүс нутаг болох Хөвсгөл нуурыг тойрсон Хатгал, Ханх сумын малчдын өвөлжөө, хаваржаа, зуслангийн газрыг жуулчны компаниуд хашаалж авчээ. Харин уул уурхайн бүс нутгууд болох Цэцэрлэг, Бүрэнтогтох, Цагаан-Уул сумдын малчдын эзэмшил газар, бэлчээр дээр уул уурхайн компаниудад хайгуул ашиглалтын лиценз олгосон байна.
Иймээс Хөвсгөл аймгийн малчид малаа хаана бэлчээх вэ гэдэг асуудалд маш их сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ.Тэгвэл нэр дэвшигч Б.Баярмаа дээрх асуудлаас үүдээд малчдын эрхийг хамгаалах бэлчээрийн тухай хуулийг санаачилж батлах, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, газар олгоход нутгийн иргэдийн зөвшөөрлийг авдаг болгох, өвөлжөө, хаваржаа, зуслангийн газарт давхцуулж газар олгохгүй байх тал дээр онцгой анхаарал хандуулахаа илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ