Б.Баярмаа: АН-ын таван богц бодлогод байгалийн баялгийг шударгаар хуваарилах зорилт туссан
УИХ-ын 17 дугаар тойрог, Хөвсгөл аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Бямбасүрэнгийн Баярмаатай ярилцлаа.
-Таныг Хөвсгөлчүүд төдийгүй, монголын ард түмэн тэмцэгч Б.Баярмаа гэдгээр нь сайн мэддэг. Яагаад энэ замыг сонгох болов?
-Онц сурлагатан, даруу төлөв Б.Баярмаа яагаад цогтой тэмцэгч болчхов оо гэж гайхах хүмүүс байдаг. Хүн бүрийн амьдралд үнэ цэнтэй зүйл гэж бий. Бизнесмен хүнд цаг хугацаа алтнаас үнэтэй байдаг бол миний хувьд эрх нь зөрчигдсөн иргэдийн өмнөөс дуугарч, нутаг ус-газар шороогоо хамгаална гэдэг юунаас ч илүү чухал. Хүн эцэг эх, эх орноо сонгож төрдөггүй. Тиймээс өөрт оногдсон бүхэндээ эзэн болж амьдрахыг хичээдэг.
-Тэгвэл УИХ-ын 17 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвших болсон шалтгаан тань юу байв?
-Нэгд, Ардчилал бол аль нэг нам эвслийн өмч биш. Бүх хүн төрөлхтний хайрлан хамгаалж явах ёстой үнэт зүйл. Надад эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэх жигүүрийг ардчилал өгсөн. Харин өнөөдөр ардчилалд тулгарсан сорилт, бэрхшээлийг давахад иргэн бүрийн оролцоо чухал болоод байна. Иймээс ардчиллын зүрх, тархи болж явсан иргэний нийгмийн төлөөллийн хувьд Ардчилсан намаас төрөлх нутагтаа нэр дэвшихээр болсон. Хоёрт, хорь гаруй жилийн тэмцэл минь иргэн бүрт нутаг усандаа, байгалийн баялагтаа, төсөвтөө, эх орондоо, төрдөө эзэн байхыг уриалж, тэмцэж ирсэн. Гэвч, энэ бүхнийг ганц төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхэн тэмцээд хийчихдэггүй юм байна. Үүнийг төрийн бодлогоор зохицуулж, хуулиар баталгаажуулах ёстой. Тиймээс иргэддээ эрх мэдэл өгч, "Эзэн иргэн" болгохын төлөө тэдний итгэлийг нь хүлээсэн элч төлөөлөгч нь болж зүтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн.
-Сонгуулийн сурталчилгааны кампанит ажил одоо ид өрнөж байна. Таны хувьд өнөөдрийн байдлаар хэчнээн сумын иргэдтэй уулзав. Хөвсгөлчүүдэд тулгамдаж буй ямар асуудлыг иргэд онцолж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 11 дэх сумандаа ажиллаж байна. Нутгийн иргэдтэй уулзаад, санал бодлыг нь сонсч явахад ерөнхийдөө газрын эрхийн зөрчил нийтлэг хөндөгдөж байна. Тухайлбал, газар тариалангийн бүс нутаг болох Рашаант, Тариалан суманд газар тариалангийн компаниуд малчдын бэлчээрийн газрыг их хэмжээгээр хашаалж авсан байгаа юм. Мөн аялал жуулчлалын бүс нутаг болох Хөвсгөл нуурыг тойрсон Хатгал, Ханх сумын малчдын өвөлжөө, хаваржаа, зуслангийн газрыг жуулчны компаниуд хашаалж авсан байна.
Харин уул уурхайн бүс нутгууд болох Цэцэрлэг, Бүрэнтогтох, Цагаан-Уул сумдын малчдын эзэмшил газар, бэлчээр дээр уул уурхайн компаниудад хайгуул ашиглалтын лиценз олгосон байгаа юм. Тэгэхээр Хөвсгөл аймгийн малчид малаа хаана бэлчээх вэ гэдэг асуудалд маш их сэтгэл зовниж байна. Үүн дээр малчдын эрхийг хамгаалах бэлчээрийн тухай хуулийг батлах шаардлага тулгарчээ гэдгийг олж харлаа. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, газар олгоход нутгийн иргэдийн зөвшөөрлийг авдаг болгох, өвөлжөө, хаваржаа, зуслангийн газарт давхцуулж газар олгохгүй байх гэх мэт шийдэл байж болох юм.
Үүнээс гадна, малчдын хамгийн их санаа зовж ярьж байгаа, шийдэж өгөөсэй гэж хүсч байгаа асуудал нь малын арьс шир, ноос ноолуур, түүхий эдийн үнэ унаж, хог дээр хаягдаж байгаа нь юм. Тэгвэл энэ асуудлын гарц шийдэл Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан гэдгийг яриад явж байна. Тодруулбал, ажлын байр бий болгох, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортолж орлого нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн зорилт бий. Үүнийг малчин иргэд талархалтайгаар хүлээн авч байна.
-Таны хамгийн их хөндөж, ярьж явдаг сэдэв болох байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх асуудал энэ удаагийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тод томруун туссан байсан. Үүн дээр нэмж хэлэх зүйл юу байна?
-Ардчилсан намын таван үндсэн цогц бодлогод тавууланд нь байгаль хамгаалах, байгалийн баялгийг шударгаар хуваарилах, байгалийн баялгийн үр шимээс иргэд яаж хүртэх тухай зорилтууд туссан. Энэ хөтөлбөрийг хөвсгөлчүүд мөн маш их дэмжиж хүлээж авч байна. Мөрийн хөтөлбөрт, үндэсний баялгийн сан бий болгож, арвижуулаад бага хүүтэй зээл олгох, амин чухал эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулах, бизнесийг дэмжих байдлаар байгалийн баялгаас иргэн бүр, өрх бүр шударгаар хүртэх боломжийг олгоно гэсэн байгаа.
Түүнчлэн байгалийн баялгаас орж байгаа орлогын 30 хувийг орон нутагт үлдээнэ гэсэн зорилт бий. “Монголын Швейцарь” гэж нэрлэгддэг төрөлх нутаг минь газарзүйн байршил, газар нутгийн хэмжээ, хүн ам, мал сүрэг, байгалийн баялгаараа улсдаа тэргүүлдэг, хөгжин цэцэглэх бүх боломж таатай нөхцөл нь бүрдсэн ховорхон сайхан газар. Тийм болохоор манай Хөвсгөл улсын төсвөөс татаас авдаггүй аймаг болох, бие дааж хөгжих бүрэн боломжтой гэсэн үг. Хөвсгөлчүүд өөрсдөө төсвийн мөнгөө хуваарилах, зарцуулах эрхтэй болно гэдэг нь чухал юм.
-Ардчилсан намаас энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж буй 16 эмэгтэйн нэг бол та. Тэгвэл намын мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүдэд чиглэсэн ямар бодлого, зорилтууд туссан бэ?
-Хөвсгөл аймагт өрх толгойлсон эхчүүдийн асуудал маш хүнд байдаг. Ялангуяа зах дээр зогсч байгаа худалдаачдын 80 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэдгээр эмэгтэйчүүд 20 жилийн өмнө ямар байсан, яг тэр хэвээрээ байсаар байна. Тэдний ажлын байрны нөхцөл тааруу, өвөл нь доороосоо хайрагдаад, зуны халуунд дээрээсээ шарагдаад байж байна. Тэднийг дэмжиж байгаа ямар ч бодлого алга. Тэдэнд зээл өгөх, хариуцах, хандах хүн гэж алга. Төрөөс ямар ч дэмжлэг авч чаддаггүй, өрх толгойлсон ээж нар бор зүрхээрээ өдрийн хоолны мөнгөө хийж, шар нар, бор хоногийг өнгөрүүлж байна шүү дээ. Тэгвэл энэ асуудал дээр Ардчилсан намаас анх удаа худалдааны тухай хуулийг санаачилж, батлах тухай мөрийн хөтөлбөртөө тусгасан. Дээрх хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн ажиллах орчныг нь тав тухтай, таатай болгох үүднээс битүү захтай болгомоор юм байна гэсэн бодол төрж байлаа.
Мөн үүнээс гадна манай аймагт сүүлийн жилүүдэд гэр бүл салалт ихээр нэмэгдсэн байна. Үүнд нөлөөлж байгаа гол зүйл нь нүүрсний тээвэрт явж буй жолооч нарын 60 хувь нь Хөвсгөл аймгийн иргэд байдаг гэнэ. Тэдгээр жолооч нар ростерийн хуваариар ажиллах боломжийг бүрдүүлж өгөхийг хүссэн. Авто тээврийн удирдах төвөөс үүнд өөрчлөлт оруулах бүрэн боломжтой гэдгийг ч хэлж байсан.
-УИХ-ын гишүүн болоод зөвхөн тойрогтоо гэлтгүй бүрэн эрхийнхээ хүрээнд хийж хэрэгжүүлэхийг зорьж буй ямар ажлууд байна вэ?
- Юун түрүүнд “Хүн бүрд орлого, Өрх бүрт өсөлт” мөрийн хөтөлбөрийг төрөлх нутагтаа нутагтаа жишиг болгон хэрэгжүүлж, иргэн бүр нь ажил орлоготой, эрүүл энх, эрдэм боловсролтой, өрх бүр нь өөдлөн дэгжсэн, аз жаргалтай, амьдрах орчин нь аюулгүй, амар тайван байлгахын төлөө бүхий л сэтгэл зүрх, оюун ухаан, мэдлэг чадвар, дадлага туршлагаа дайчлан ажиллана.
Үүнээс гадна УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд баялгийн засаглалыг сайжруулж, баялгийг шударгаар хуваарилах, байгалийн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, байгальд ээлтэй хуулиудыг санаачлан батлуулж, байгаль орчны ардчиллыг баталгаажуулахыг зорино. Мөн хүний эрхийг хамгаалах талаар хөвсгөлчүүдэд төдийгүй монголчуудад тулгамдах болсон цэвэр агаараар амьсгалах эрх, цэвэр ус уух эрх, орон сууцныхаа цонхоор нар харах эрх, аюулгүй хүнсээр хангагдах эрх, газраа өмчлөх эрх, бэлчээрээ эзэмших эрхийг хамгаалж, баталгаажуулах асуудалд онцгой анхаарах болно.
-Хөвсгөл аймагт сүүлийн 12 жил Ардын нам засаг барьсан. Энэ хугацаанд тэдний хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалтад та ямар дүн тавих вэ?
-Мэдээж, засаг барьж буй хүмүүс засч сайжруулахыг бодож байсан биз ээ. Тэдний алдаа оноог өнөөдөр энд би шүүхээс илүүтэй, нутгийн зон олон өөр өөрсдийн дүнг тавьж байгаа болов уу. Миний анзаарснаар хөвсгөлчүүд ардчиллын хоёр дахь давлагааг эхлүүлэхээр сэтгэл шулуудсан байна. Ер нь бид өөрчлөлт хийх цаг нь болсон, сонголтоо өөрчилж цэнхэртүүлэхийг хүсч байна гэсэн давлагаа маш хүчтэй явж байна. Ардчилсан намаас нэр дэвшигчдийн уриалгыг маш сайхан хүлээж авч, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг уухайлан дэмжиж байгаад талархалтай байна.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ