МАН: Шүүх УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг албадан саатуулсныг эрс эсэргүүцэж байна

МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хорих 461 дүгээр ангид албадан саатуулсантай холбогдуулан МАН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийж, хуульчид байр сууриа илэрхийллээ. 


Мэдээллийн эхэнд МАН-ын Хууль эрх зүйн ажлын хэсгийн  хуульч Ү.Амарбат “Нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь ээлжит сонгуулийн үед явагдаж байгаа илт хууль зөрчсөн үйл ажиллагаа болж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2-т үнэмлэхээ авсан, албан ёоор нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийг шинээр эрүүгийн хэрэгт татах, холбогдуулах, хэрэг үүсгэх мөн тодорхой хэргээр баривчлах, саатуулах, цагдан хорих үйл ажиллагааг хийх тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлийг авахаар зааж өгсөн. Гэтэл шүүх, хуулийн байгууллагынхан  СЕХ-ноос зөвшөөрөл авалгүйгээр шийдвэр гаргаж, албадан хорилоо” гэв.




Ц.Мөнх-Оргил: Төрийн эрх мэдэл Монголын ард түмний  гарт байх уу, хонгилын шүүгчдийн гарт байх уу?


УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил: УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүнийг албадан саатуулна гэдэг нь тухайн нэр дэвшигчийн, МАН-ын асуудал биш. Энэ бол Монголд цаашаа хууль журам хэрэгжих юм уу, хууль журмыг сахиулах ёстой шүүх нь хуулиа дагах юм уу, төрийн эрх мэдэл Монголын ард түмний мэдэлд байх юм уу, эсвэл нөлөөнд автагдсан, хонгилын хэдэн шүүгч нарын гарт байх юм уу гэдэг асуудал болчихоод байна. Үүнийг иргэд, сонгогчид та бүхэн сайн бодож тунгаагаарай. УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрх эдэлнэ. Түүнийг нь хуулиар хязгаарлана.


УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүнийг албадан саатуулахыг, цагдан хорихыг, шүүхийн журмаар захиргааны шийтгэл нотгуулахыг, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь  үзлэг нэгжлэг хийхийг хориглоно гэж заасан. УИХ-аас зөвшөөрөл авч байж эдгээр үйл ажиллагааг хийнэ. Энэ бол зөвхөн Монголд биш парламенттай бүх улс оронд байдаг практик. Яагаад гэвэл, нэгдүгээрт, УИХ-ын гишүүн бол ард түмний элч.  Хоёрдугаарт, УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж, баривчлах, саатуулах замаар төрийн эргэлтүүдийг хийдэг. Гуравдугаарт, ийм замаар ард түмний элчийн амыг боож, байр суурийг нь илэрхийлүүлэхгүй байх оролдлого хийдэг.


Шүүхийн энэ үйлдэл бол хариуцлагагүй, нөлөөнд автсан, өргөсөн тангарагаасаа ухарсан, хэдэн шүүгч нар УИХ-д, Монголын ард түмэнд, Монголын төрт ёс уламжлалд дайн зарлаж байна гэж харж байна. Дохио зангаагаар ажиллахаа зарлаж байна. Үндсэн хуульд өргөсөн тангараг, мэргэжлийнхээ нэр хүндийг бодоод бүх шүүгч, хуульч, өмгөөлөгч,  прокурор та бүхэн хууль бус үйл ажиллагааны эсрэг үгээ хэлэхийг уриалж байна.



Ж.Сүхбаатар:Ард түмний төлөөлөгч буюу УИХ-ын гишүүдийн  бүрэн эрх шүүгчдийн үзэмжээр шийдэгдэх ёсгүй


УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч, хуульч Ж.Сүхбаатар:УИХ-ын сонгуулийн тухай хуульд УИХ-ын гишүүнийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихгүй байх заалтыг анх оруулсан хүний нэг нь би. Сонгох, сонгогдох эрх бол Монгол Улсын иргэний үндсэн эрх. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зорилго бол зөвхөн сонгууль явуулах тухай биш Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаатай хангах явдал юм. Шүүгч нар энэ үйлдлээрээ парламентын ардчлалд заналхийлж байна. Дарангуйлалд өртөхгүй байх гол баталгаа нь парламент. Ганц хүний засаг тогтоохгүйн тулд УИХ-ын гишүүн буюу ард түмний төлөөлөгчийн бүрэн эрх хэн нэгэн этгээдийн, тэр тусмаа шүүгчийн үзэмжээр шийдэгдэх ёсгүй.


Цаашид үүнийг хүлээн зөвшөөрөх юм бол хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг шийдэх гаж зуршил, хууль зөрчсөн хандлага тогтоно.  Монгол Улсад хууль шүүхийн маф бий болсон гэдгийг би долоон жилийн өмнө хэлж байсан. Хуулиас давж гишгэдэг шүүгч бол шүүгч биш. Хуулиас давж гишгэж байгаа шүүгч нар өөрсдөө хуулийн хариуцлага, ял зэмлэл, цээрлэл хүлээх ёстой.  Авлига хаана байна вэ гэдэг нь энэ үйлдлээс илт харагдаж байна. 



Б.Энхбаяр:Хулгайчдыг өмгөөлж байсан шүүгчид Ж.Эрдэнэбатыг ард түмний сонгох эрхтэй нь хамт хорилоо


УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч, хуульч Б.Энхбаяр: Би энэ удаагийн сонгуульд хуулийн хулгайтай тэмцэнэ гэсэн уриатай орж байгаа. Болж буй энэ үйл явдлаас дүгнэлт хийхэд хуулийн хамгийн том хулгайчид  хонгилын хэдэн бүлэглэлд автагдсан хууль, шүүхийнхэн байгаа нь улам  тодорхой болж байна. Хуулийн хулгайтай тэмцэх ажлыг хаанаас эхлүүлэх нь өнөөдөр улам бүр тодорхой болж байна. Би 2016 онд ХЗДХ-ийн дэд сайдаар томилогдсны маргааш нь Монгол Улсын Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тэр үед Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн, сайд нартай холбогдох 1.3 их наяд төгрөгийн зөрчил дутагдлыг илрүүлсэн. Энэ зөрчил дутагдлыг тухайн үед хууль хяналтын байгууллагууд руу шилжүүлсэн.


Дөрвөн жилийн турш тэр хулгайчдыг хаацайлж, өмгөөлж, ял завшуулж байсан шүүх, улс төрийн шүүгчид одоо өшөө авалт хийж, Ж.Эрдэнэбатыг ард түмний, сэлэнгэчүүдийн сонгох эрхтэй нь хамт шоронд хийж байна. Тэр зөрчил дутагдал гаргасан 20 орчим хүмүүс өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Тэдгээр хүмүүсийг дөрвөн жилийн турш хараагүй юм шиг явсан хуулийнхан түүнийг илрүүлсэн  хүнийг сонгууль болохоос аравхан хоногийн өмнө хуулийг уландаа гишгэж, сонгогчдыг сонгох эрхтэй нь хамт шоронд хорьж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч болохгүй. МАН-ын дарга У.Хүрэлсүх шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Энэ тэмцэл үргэлжлэх ёстойг энэ үйл явдал улам бүр нотолж байна.




МАН-ын сонгуулийн штаб

СЭТГЭГДЭЛ БИЧИХ