МАН: Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь илт хууль бус явдал болж байна
УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг дайчлан баривчилсантай холбогдуулан МАН-аас мэдээлэл хийлээ. Тус намын хуулийн зөвлөх хэлэхдээ, нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг илтэд хууль бусаар баривчлан саатуулсныг онцлоод, Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2-т үнэмлэхээ авсан абан ёсны нэр дэвшигчид шинээр эрүүгийн хэрэг үүсгэх, шалгах, хорихыг хориглоно гэж заасныг санууллаа.
Мөн урьд шөнийн баривчилгаатай холбогдуулан МАН-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "УИХ-ын гишүүнийг албадан саатуулж, цагдан хорихыг хориглоно гэж заасан. Дэлхий дахинд бүх парламентат улс оронд парламентынхаа гишүүний халдашгүй байдлыг хамгаалдаг. Энэ хүн ард түмний элч, УИХ-ын гишүүний эрхэнд халдах, баривчлах замаар төрийн эрхэнд халдах байдал гардаг. Энэ бол парламентын түүхэн уламжлалтай.
Илт хууль бус, хууль зөрчсөн явдал болж байна. Энэ талаар хууль хяналтын байгууллагынхан үгээ хэлээч ээ. Хууль Монгол Улсад үйлчлэхгүй нь ээ, ард түмэнд мэргэжлийн үгээ хэлж ойлгуулаач ээ. Энэ бол Монгол төр цаашид оршин тогтнох уу, Үндсэн хуульт төр байх уу, ард иргэдээ хамгаалах төр засаг байх уу, орших уу, эс орших уу гэдэг байдалтай тулаад байна. Үгээ хэлэх цаг тулаад байна, шүүгч нар аа" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ