Ардчилсан нам жинхэнэ ЖДҮ-чдээ дэмжинэ
Ардчилсан нам МҮХАҮТ, “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо- МАОЭНХ”, “Монголоо шинэчилье клуб" ТББ, “Баялаг бүтээгчдийн нэгдсэн холбоо -ББНХ”-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан нам "Өсөлтийг Өрх Бүрд" хүргэх үндсэн зорилготой мөрийн хөтөлбөрөө иргэд, сонгогчиддоо танилцуулж байгаа бөгөөд хөтөлбөрийг дэмжиж байгаа иргэдийн тоо хурдацтайгаар нэмэгдэж байна.
Өнөөгийн байдлаар Монгол Улсын нийт эдийн засгийн 80 гаруй хувийг хувийн хэвшил буюу бизнес эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчид бүрдүүлж байна.
Иймд эдийн засгийг тэлж өсөлтийг бий болгоход хувийн хэвшлийг бодитоор дэмжих нь гол түлхүүр бодлого. Жинхэнэ ЖДҮ-чид өнөөдөр манай улсын ДНБ-ний 40 гаруй, ажлын байрны 80 гаруй хувийг тус тус бүрдүүлж байна. Гэвч 100 жижиг, дунд бизнес эрхлэгчийн хөнгөлөлттэй зээл авах боломжийг өнөөгийг эрх баригч МАН-ын нэг ЖДҮ-чин УИХ-ын гишүүн дангаараа хулгайлсан юм. Төрийн эрхийг барьж байгаа намын УИХ-ын 40 гаруй гишүүдийн бүлэглэн үйлдсэн энэ НОЦТОЙ гэмт хэрэг ардчилалын 30 жилийн түүхэнд байгаагүй бөгөөд дахин давтагдах учиргүй юм.
Тиймээс ч “Ардчилсан нам цаашид хувийн хэвшил, жинхэнэ ЖДҮ-чдээ дэмжих нь АН-ын үзэл баримтлал бөгөөд эдийн засгаа тэлж, эндээс бий болсон өсөлтөөс өрх бүрээ дэмжих юм” гэж Ардчилсан намын сонгуулийн ерөнхий менежер Я.Санжмятав онцолсон юм. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, төрийн хүнд суртал авилгалын үндэс болсон тусгай зөвшөөрлийн тоог эрс цөөрүүлж, цахимжуулах, жилийн зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах, татварын дарамтыг бууруулах, НӨАТ-г таван хувь болгож бууруулах зэрэг бодлогын арга хэмжээнүүд орсон.
“Монголоо шинэчилье” ТББ-ын зүгээс "Монгол хүний бодит орлогыг дунд, урт хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх" зорилго бүхий “ДЭЛХИЙН ДУНДАЖ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН” үндэсний санаачлагыг боловсруулжээ. Энэ санаачлагын дунд, урт хугацааны зорилго нь “Монгол Улсын нийт эдийн засгийг тэлж (ДНБ-ээр) 40 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.доллар, улсын дундаж цалинг 1000 ам.доллар (төрийн албан хаагч, багш, эмч нар ...) тус тус хүргэх юм. Нэг хүнд оногдох ДНБ-ний 10 мянган доллар нь дэлхийн дундаж. Иймд энэ санаачлагын уриаг “ДЭЛХИЙН ДУНДАЖ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН” гэж нэрлэсэн байна.
Энэ зорилго хэрэгжсэнээр "Монгол хүний амжиргааны чанар олон улсын дундаж түвшинд" хүрэх болно. Энэ зорилго, зорилтыг хэрэгжүүлж, эдийн засгийг тэлэхэд чухал үүрэгтэй 15 томоохон төсөл байгаа бөгөөд энэ бүхэн Ардчилсан нам мөрийн хөтөлбөрт тусгагдсаныг “Монголоо шинэчилье клуб" -ын тэргүүн, УИХ-ын гишүүн асан Д. Ганхуяг онцоллоо.
Дээрх санаачлага, зорилго, төслүүдийг судлаач, эдийн засагч, үйлдвэрлэгч, инженерүүд хамтран тооцоо, судалгаа хийж боловсруулсаныг МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х. Ганбаатар онцолсон юм. МҮХАҮТ нь 5000 гаруй гишүүн байгууллагатай бол “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” нь 9000 орчим гишүүнтэй, “Баялаг бүтээгчдийн нэгдсэн холбоо”-ны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийг улсын хэмжээнд дэмжих, хамгаалах юм.
Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, жинхэнэ ЖДҮ-ийг дэмжин хамгаалдаг иргэний нийгмийн гурван тулгуур багана гэгддэг МҮХАҮТ, МАОЭНХ, ББНХ нь хувийн хэвшлийг бодитоор дэмжиж, эдийн засгийг тэлэх үндсэн зорилго бүхий мөрийн хөтөлбөртэй АН-ыг дэмжиж хамтарч ажиллахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ