Инфляци сүүлийн гурван жилийн хамгийн доод түвшинд хүрлээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өслөө. Улсын жилийн инфляци 2017 оны гуравдугаар сараас хойш буюу сүүлийн гурван жилийн хамгийн нам дор түвшинд ирсэн байна.
Үнийн өсөлтөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ таван хувиар өссөн зэрэг нь голлон нөлөөлжээ. Харин тээврийн бүлгийн үнэ 6.8 хувиар буурсан байна.
Олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурсан бөгөөд үүнтэй холбоотойгоор дотоодод шатахууны жижиглэнгийн үнэ буураад байгаа юм. Тухайлбал: АИ-92 авто бензиний литрийн дундаж үнэ өнгөрсөн сард 1388 төгрөг байсан нь өмнөх оноос 27.7 хувиар буурчээ.
Инфляцийн эрч ийнхүү саарч байгаа нь эдийн засгийн идэвхжил саарсныг илтгэх нэг үзүүлэлт болж байна. Оны эхний улиралд цар тахлын нөлөөгөөр дотоодын эдийн засаг 10.7 хувиар буюу шилжилтийн үеэс хойш хамгийн хүчтэй буураад байна. Эдийн засгийг дэмжих зорилгоор Төв банк бодлогын хүүгээ III, IV сард бууруулж, есөн хувьд хүргэсэн нь 2007 оноос хойшхи хамгийн бага түвшин боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ