Ялалтын баярын жагсаалд 12 орны төрийн тэргүүн оролцоно
"Энэ сарын 24-нд Москвад болох Ялалтын баярын жагсаалд 12 улсын төрийн тэргүүн оролцоно" гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдээлэв. Мөн тус яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова "Лавров сайд зургаадугаар сарын 18-нд Белградад Сербийн ерөнхийлөгч Александр Вучичтэй уулзаад, маргааш нь Беларусьт айлчилна" гэж мэдэгдлээ.
Харин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн зургаадугаар сарын 2-нд мэдэгдсэнчлэн баярын жагсаалд 14 мянга орчим хүн оролцох гэнэ. Түүнчлэн уг арга хэмжээнд жагсахаар 19 улсын төлөөлөгчдийг урьсан байна. Зургаадугаар сарын 24-нд Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэж, баярын жагсаал, мэндчилгээ дэвшүүлэх тухай зарлигт ОХУ-ын ерөнхийлөгч тавдугаар сарын 29-нд гарын үсэг зурсан юм. Дараа нь энэ өдрийг амралтынх болгохоор шийдсэн.
Ялалтын баярын жагсаал тус улсын зэвсэгт хүчний цэргийн төв штаб, флот, холбоодын байрладаг есөн баатар хот болон 19 хотод болно. Уг нь ялалтын баярын жагсаал уламжлал ёсоор тавдугаар сарын 9-нд болох байсан ч коронавирусийн улмаас цуцлагдаж, агаарын үзүүлбэр л болсон билээ.
Дашрамд өгүүлэхэд Аугаа их эх орны дайнд ЗХУ фашистын Германыг ялсны хүндэтгэлийн түүхт жагсаал 1945 оны зургаадугаар сарын 24-нд болоход ЗХУ-ын маршал Георгий Жуков зохион байгуулж, маршал Константин Рокоссовский удирдан явуулж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ