Сергей болон Юлия Скрипаль нар Шинэ Зеланд руу нүүжээ
2018 оны гуравдугаар сард Британийн Солсбери хотод хордсон Оросын зэвсэгт хүчний тагнуулын ерөнхий газрын офицер асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нар шинэ амьдрал эхлүүлэхээр Британиас Шинэ Зеланд руу нүүсэн байна. Британийн засгийн газрын дээд тушаалын төлөөлөгчийн хэлснийг иш татан “Sunday Times” сонины өнгөрсөн ням гарагийн дугаарт ингэж бичжээ.
Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн эцэг, охин хоёр тус оронд нүүж ирсэн тухай мэдээллийг тайлбарласан байна. Тэрээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Та уншиж байгаа бүхэндээ бүү итгэ. Шинэ Зеландын тусгай алба тайлбар хийхээс татгалзсан байгаа. Харин Сергей, Юлия Скрипаль нар манай оронд ирсэн гэх мэдээ бидэнд байхгүй хэмээн Цагаачлалын албанаас мэдэгдсэн юм” гэжээ.
Мэргэжилтнүүд сонины сурвалжлагчид хэлснээр, Скрипаль нар шинэ газарт төвхнөхөөр өөр нэрээр шинэ баримт бичиг, эд материалын тусламж авсан байна. Ингэж явахаасаа өмнө тэд Британийн тагнуулын MI-6 албанаас өгсөн нууц байранд нэг жил гаруй сууж байжээ.
"Сергей, Юлия Скрипаль нар төрөл төрөгсөд болон хуучин найз нөхөдтэйгээ уулзахаас зайлсхийж амьдралынхаа үлдсэн хугацааг өөр нэртэйгээр өнгөрүүлэхэд хүрлээ" гэж “Sunday Times” сонинд бичсэн байна.
Сергей Скрипалийн дүү Виктория Скрипаль РИА Новости агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа "Ах, түүний охин хоёр Шинэ Зеланд руу нүүсэн гэдгийг мэдээгүй. Үүнд итгэхгүй байна. Тэд одоог хүртэо Британид байгаа. Тэднийг ийш тийшээ явсан гэх мэдээ нь анхаарал сарниулах гэсэн арга юм" гэжээ.
Сергей, Юлия Скрипаль нар 2018 оны гуравдугаар сард Британийн Солсбери хото ухаангүй олдсон юм. Тэднийг мэдрэл саажуулдаг “Новичок” бодисоор хордуулсныг шинжилгээгээр тогтоожээ. Орос улс энэ хэрэг явдалд холбогдолтой гэдгээ удаа дараа няцааж байсан юм.
2018 оны дөрөвдүгээр сард “Sunday Times” сонин тагнуулын албаны хүмүүсийн хэлснийг иш татахдаа эцэг, охин хоёрт АНУ, Канад, Австрали юмуу Шинэ Зеландад орогнохыг санал болгосон тухай бичиг байдаг. Энэ орнууд Британийн хамтаар тагнуулын мэдээ солилцох “таван нүд” хөтөлбөрт багтдаг аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ