Халуунд 20 минут тутамд амны хаалтаа сольж байхыг зөвлөв
Мэргэжилтний хэлснээр хэвийн амьсгалах боломжтой агаар сайн нэвтрүүлдэг амны хаалт сонгох нь илүү дээр юм.
Халуун өдөр нэг удаагийн амны хаалтыг 20-30 минут тутамд сольж байхыг Москва хотын Эрүүл мэндийн газрын эмнэлэг-эрүүл ахуйн тусламж үзүүлэх асуудал эрхэлсэн орон тооны бус мэргэжилтэн Андрей Тяжельников зөвлөжээ.
“28-30 хэмийн халуун амны хаалтыг хөлрүүлж, чийгшилтийг ихэсгэж, хамгаалалтын давхаргыг муутгадаг” гэж тэрээр тайлбарласан байна. Түүнчлэн бараан өнгийн амны хаалт хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа бөгөөд ийм амны хаалт нь нарны гэрлийг шингээж, халах эрсдэл үүсгэдэг аж.
Тяжельниковын хэлснээр, халуунд хэвийн амьсгалах боломжтойн дээр, шүлсний бөөмсийг барьж чаддаг, агаар сайн нэвтрүүлдэг амны хаалт сонгох хэрэгтэй гэнэ.
“Үүнд нимгэн хөвөн даавуу, самбайгаар хийсэн юмуу стандартын эмнэлгийн амны хаалт илүү тохирно” гэж тэрээр “Москва” агентлагийн сурвалжлагчид хэлсэн байна.
Москвад цар тахалтай холбоотойгоор тусгаарлах горимыг зургаадугаар сарын 9-нд цуцалсан ч хязгаарлалтын арга хэмжээг цаашид энэ сарын 23-ныг хүртэл гурван үе шаттайгаар бүрэн цуцлах аж.
Гэхдээ олон хүн цуглардаг газар очих юм уу гадуур зугаалахдаа амны хаалт-бээлий өмсөх горим хэвээр үйлчилж байгаа юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ