Дэлхийд сүүлийн 50 жилд байгаагүй хүнсний хямрал "нүүрлэнэ"
"Дэлхийд сүүлийн 50 жилд гарч байгаагүй хүнсний том хямралын ирмэгт ирээд байна" гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мэдэгджээ. Энэ талаар “Гардиан” сонинд бичсэн байна.
Тэрээр коронавирусийн цар тахлын уршигаас сэргийлж, хүнсний аюулгүй байдлыг хангах яаралтай арга хэмжээ авахыг дэлхийн бүх оронд уриалжээ. Удахгүй ядуу хүмүүс хүнсний үндсэн гол бүтээгдэхүүнийг ч хэрэглэж чадахгүйд хүрч магадгүй гэж хэлсэн байна.
“Хэрвээ яаралтай арга хэмжээ авахгүй бол дэлхийг хамарсан хүнсний хямрал нүүрлэх магадлал маш их байна. Үүний үр дагаврыг олон зуун сая хүүхэд, насанд хүрэгсэд амсана” гэж НҮБ-ын тэргүүн мэдэгджээ.
Түүний тооцоолж буйгаар цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засаг уналтад орсноос болж энэ жил 50 сая орчим хүн “туйлын ядуу” гэсэн ангилалд орж мэдэх аж. "Үүнд хүүхэд багачууд хамгийн ноцтой үр дагавартай тулгарна. Учир нь бага насандаа буруу хооллосноос болж амьдралынх нь туршид янз бүрийн бэрхшээл үүсч болох юм" гэж ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ