О. Алтангэрэл: Иргэдэд хууль тэгш үйлчилдэг болгохын төлөө ажиллана

Хүн насан туршдаа “Яагаад” гэдэг асуултын дунд амьдардаг.  Уншигч танд ч бас хуульч О.Алтангэрэлээс асуух “Яагаад?” бий л  байх.  Тиймээс түүнээс доорхи “Яагаад” –д хариулт авлаа.  


-Яагаад Өвөрхангай аймгаас нэр дэвшиж байгаа вэ?


-Би 1981 онд Арвайхээрт төрж, дунд сургуулиа ч аймагтаа дүүргэсэн. Монгол орны төв цэг, Өндөр гэгээн Занабазар мэндэлсэн, байгалийн  үзэсгэлэн төгс бүрдсэн Өвөрхангай аймагт төрж, өссөнөөрөө үргэлж бахархаж явдаг. Санаанаас хэзээ ч үл гарах бага насны дурсамж, хайртай хүмүүс минь, насаараа нөхөрлөж яваа андууд, эцгийн нөмөртэй нутгийн буурлууд, ах эгч нар гээд нандин бүхэн Өвөрхангайн  овогтой. Төрж өссөн нутаг шиг нөөлөгтэй газар хаа байх вэ. Тиймээс ч ахмадын төв нээхээс эхлээд “Шинэ Өвөрхангай” төсөл хэрэгжүүлэх гэх мэтээр нутаг оронтойгоо аль болох холбоотой ажиллахыг хичээдэг. Хуульчийн хувьд  баг, сумаас эхлээд аймаг, нийслэл, нийт Монгол Улсын хэмжээнд хаана ямар асуудал байгааг мэднэ.


-Яагаад та хуульч мэргэжлийг сонгосон бэ?


-Миний өвөө Д.Жамбаа шүүгчийг Арвайхээрийнхэн андахгүй. Харамсалтай нь Сум дундын шүүхийн Орлогч даргаар ажиллаж байхдаа бусдын нөлөөгөөр зуурдаар нас барсан. Түүний тухай гэр бүл, нутгийн иргэдээс олон сайхан түүх сонсч, хуульч гэж шударга бустай тэмцдэг хүн юм байна. Өвөө шигээ шударга, бусдад тусладаг хүн болно гэсэн мөрөөдөлтэй хүүхэд байв. Мөн өвөөгийнхөө мэргэжлийг сонгох, түүний үйл хэргийг үргэлжлүүлэх тухай “гэр бүлийн зөвлөл”-өөс гаргасан санал намайг эргэлт буцалтгүй шийдвэрт хүргэсэн. Тиймээс МУИС-ийн, хуулийн ангийн ганцхан хуваарь дээр 180 хүүхэдтэй өрсөлдөн авч байлаа. Энэ сонголт миний амьдралыг зөв замд хөтөлсөн гэж бэлгэшээдэг.


-Та яагаад өмгөөлөгч хийх болов?


-Хуульч болоход, нэн ялангуяа үйлчлүүлэгчээ ойлгодог хуульч болоход маань нөлөөлсөн нэг үйл явдал байдаг юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байхад иргэнд өргөдөл бичиж өгсний минь төлөө ажлаас халж байлаа. Өргөдөл бичиж өгсөн хүний маань нөхөр хэдэн сарын дараа оргочихож л дээ. Хаа хамаагүй тэр явдалтай хамаатуулж халах тушаал гаргасан дарга маань өрөөндөө дуудаад чи тэгж их хүнд тусалмаар байгаа бол өмгөөлөгч бол гэж билээ. Үүний дараа хамт ажиллагсад маань халагдсан надаас дөлж, цагдаагийн байгууллага шалгаж, хэдэн сар өнгөрөхөд гэмгүй байж хэлмэгдсэн хүний сэтгэхүйг өөрийн бие дээрээ дэндүү сайн ойлгож авсан.


Бүх асуудлаа шалгуулж гэм буруугүйгээ тогтоолгоод, шүүхээр маргалдаж ажилдаа буцаж орон нэг сар болон өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөх үедээ бас нэгэн дээд сургууль төгссөн мэт санагдаж, тэр үеийн даргадаа тэмцэж, бас ялж сургасанд нь талархаж явдаг.Өөрөө хилсдэж үзсэн болохоор хүнийг хэлмэгдүүлэх, шалтаг хайж ажлаас нь халахыг үзэн яддаг. Хорин тавхан настай байхад маань хэлмэгдүүлэх гэж оролдоод хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлчихсэн намайг яаж ч чадахгүй өнгөрөөсөн хүмүүс өнөө ч гүтгэлэг, хороо цацаж явахыг нь хараад хөөрхийдөө гэж өрөвддөг юм. Тэд эхний даваа байсан, түүнээс хойш маш олон хэцүү давааг туулж хуульч болсондоо бахархаж явдаг даа.


-Яагаад та улс төрд орох болсон бэ?


-Асуудал тулгарсан хүмүүстэй өдөр бүр уулздаг, хуульч хүний хувьд  хууль иргэдэд тэгш үйлчлэхгүй байгааг хамгийн ихээр мэдэрдэг. Чөлөөт нийгэмд хэн нэгэн бусдаас илүү мөнгөтэй байх нь хэвийн үзэгдэл. Харин илүү их эрх мэдэл эдэлж болохгүй. Төрийн эрх мэдлийг амин хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ашигласан хүмүүсийн балгаар нийгэм баян, ядуугаар хуваагдлаа. Эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй нь хариуцлага хүлээдэггүй. Харин “дугаар” хорооны иргэн бол  хуулийн хариуцлагаа бүрэн хүлээж байна. Энгийнээр хэлбэл, хууль иргэдэд тэгш үйлчилдэггүй, ялгаварладаг байдлыг өөрчлөх ганцхан арга нь улс төр. Улс төр нийгмийн амьдралыг хуулиар дамжуулан залдаг. Хуульч хүний хувьд шударга, эрх тэгш нийгмийг бүтээхэд өөрийн туршлага, мэдлэг, хувь нэмрээ оруулахыг хүсч байгаа хэрэг.


-Яагаад та дандаа дуулиантай хэргүүдийг өмгөөлдөг вэ. Долдугаар сарын 1-ний, Хадгаламж зээлийн хоршоодын гэх мэт.


-Би маш олон хэрэг дээр өмгөөлөгчөөр ажилласан. Тухайлбал, 2016-2018 онд  төлбөрийн чадваргүй 1800 орчим хүнд өөрийн байгуулсан хууль зүйн төвөөрөө дамжуулан туслалцаа үзүүлсэн. Тухайн үед төлбөрийн чадваргүй олон хүнд тусласан, тэргүүний өмгөөлөгчөөр шалгарч байв. Харин маш цөөн хувь нь дуулиантай, олны анхаарал татсан хэрэг байх. Миний хувьд хүний эрхийг хамгаалахдаа тууштай ханддаг. Тэр байтугай би өмгөөлсөн хэргийнхээ төлөө шүүхийг эсэргүүүцсэн гэж 14 хоног хоригдож байв. Зорьсон зорилгынхоо төлөө тууштай явж байгаад хоригдсон анхны өмгөөлөгч байх шүү. /инээв/


-Яагаад та нутагтаа ахмадын төв байгуулсан юм бэ. Төрийн мэдлийн, улсаас санхүүждэг, халамжийн мөнгө олгодог газар байдгаас хувь хүн өөрийн хөрөнгөөр байгуулсан төв тэр болгон байхгүй болов уу. Бизнесийн хувьд ч ашиггүй санагдаад байх юм? 


-2008 онд эмээгээ өөд болсны дараа, буяны ажилд нь зориулан Батсүмбэрийн 300 гаруй ахмадыг баярлуулж, гарын бэлэг тараасан юм. Тэднийг хараад  настайчуудад хайр, халамж ямар их чухал болохыг ухаарсан. Буцах замдаа хамт явсан найздаа “Ахмадуудыг халамжлах ямар нэгэн ажил заавал хийнэ” гэж ярьж байсан. Тухайн үед чадаагүй ч, шаргуу хөдөлмөрлөсний дүнд, бусдын төлөө илүүчлэх бага боловч боломж гармагц олон юм бодолгүй буурай ээжийнхээ дурсгалд зориулан Арвайхээрд “Өлзий-Орших” төвөө нээсэн. Үүнийгээ өргөжүүлэн Арвайхээрээс гадна Уянга, Тарагт, Нарийнтээл, Хайрхандулаан, Богд сумдад салбар нээсэн.


Эдгээр төв өдөрт 300 гаруй хүнд үйлчилж, тэтгэвэрт гарсан хөгшид маань хоорондоо уулзаж ахуй амьдралаа ярилцах, бие биедээ туслах, хамтдаа цагийг аз жаргалтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж өгсөндөө бахархалтай явдаг. Санхүүгийн хүндрэлээс болоод одоогоор ганц нь л ажиллаж байна. Гэхдээ цаашид үйл ажиллагааг сэргээнэ, бүр олон хүнийг хамруулна гэсэн бат итгэлтэй болсон. 


-Яагаад та “Тунгалаг тамир” кинонд дуртай вэ. Таны намтрыг уншиж байхад энэ киног үзэх дуртай гэж байсан.  


 -Киноноос илүү зохиолд нь илүү дуртай. Жилд заавал дахин уншдаг. Унших бүр шинэ зүйл олж мэдэж, ухаардаг. Тухайн үеийн хүмүүсийн үг хэллэг, ёс заншлыг Ч.Лодойдамба гуай тодорхой дүрслэн гаргасан байдаг. Хэдийгээр өнгөрсөн зууны эхэн үеийн үйл явдал гардаг боловч, агуулга нь монгол хүний мөн чанар, ахуйн соёл, философийг гаргасан мундаг зохиол гэж дүгнэдэг юм. Яах аргагүй Монголын түүхийн “Зууны шилдэг роман”.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ