Дэлхий даяар халдварын тохиолдол 7 саяас давж, эндэгдэл 402 мянгад хүрлээ
Коронавирусийн улмаас дэлхий даяар амиа алдсан хүний тоо 402 мянга давсан гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээллээ. Халдварын онош батлагдсан тохиолдлын 30 орчим хувь буюу хоёр сая гаруй нь АНУ-д бүртгэгджээ. Харин Өмнөд Америкт нийт тохиолдлын 15 хувь ногдож байна. Цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш дэлхий даяар 7 сая хүн халдвар аваад байгаа юм.
Вируст халдварын хоёр дахь том голомт болоод буй Бразил улсын Ерөнхийлөгч Жайр Болсонару өвчлөлийн талаарх тоон баримтыг олон нийтэд нээлттэй мэдээлэхээс татгалзлаа. Тус улсад коронавирусийн улмаас дор хаяж 36000 хүн нас барсан мэдээтэй байгаа юм. Харин онош батлагдсан тохиолдлын тоо 640 мянгад хүрчээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өмнөх байр сууриа өөрчилж хүмүүсийг хөл хөдөлгөөн ихтэй газар амны хаалт зүүхийг уриаллаа. Ингэхдээ амны хаалт хэрэглэх нь коронавирусийн тархалтыг зогсооход чухал ач холбогдолтой гэсэн нотолгоог эш татжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ