Банзрагчийн Түвшин: Би ЖДҮ хулгайлахгүй, харин өрхийн санхүүг дэмжинэ

-Дэлхий даяар Covid 19 цар тахалын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Таны хувьд хямралын үеийн эдийн засгийн байдлыг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Дэлхийн улс орнууд хямралын эсрэг арга хэмжээнүүдийг маш яаралтай авч эхлээд байна. Тэгэхээр вирусын халдвар удаан хугацаагаар үргэлжлэх төлөв байгаа учраас бид үүнтэй холбогдуулсан эдийн засгийн арга хэмжээнүүдийг зайлшгүй авах шаардлагатай болоод байгаа юм. Олон хүн энэ хорионоос болж ажлын байргүй болж байна. Жижиг дунд үйлдвэрүүд цалингаа тавьж чадахааргүй болж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдалтай уялдуулсан зарим нэг эдийн засгийн арга хэмжээнүүдийг дунд болон урт хугацаандаа авч эхлэхгүй бол нилээн хүндрэлтэй байдал руу явах нь гэж харагдаж байна.

-Манай улсын хувьд эдийн засгийн тодорхой хүндрэлүүд үүсээд эхэлсэн. Улсын төсвийн орлогыг 2 их наяд төгрөгөөр алдагдалтай баталсан, мөн сонгууль болж байгаатай холбоотойгоор бэлэн мөнгөний амлалтууд маш их явж байна шүү дээ. Гэтэл сонгуулийн дараа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Тэр үеийн нөхцөл байдлыг, тухайлбал сонгуулийн дараах эдийн засгийг яаж төсөөлж байна вэ?

-Тэгэхээр манай улсын хамгийн гол орлого экспортоос орж ирдэг. Ялангуяа уул уурхайн чиглэлийн экспортоос түлхүү хамаарна. Гэтэл энэ салбар өнөөдөр хамгийн бага орлоготой үе дээрээ, улам буураад эхэлсэн. Одоо улам буурах нь тодорхой байгаа. Тэгэхээр улсын төсвийн алдагдал ч гэсэн өрөөр л санхүүжигдэх нь байна. Дээрээс нь улсын төсвөөр санхүүжүүлэх гэж байгаа тэр хөрөнгө оруулалтын шинж чанартай гэгдээд байгаа байшин барилгуудыг бид нар гүйцээж чадах уу? Тодорхой хэмжээгээр эхлээд явтал наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болж, Дарханы зам шиг бүх асуудлууд гацчих магадлалтай байна. Төлөвлөж байгаа орлого маань одоогоор 30-40%-н бууралттай байна гэхээр цаашдаа бүх зүйл гацаанд орох магадлалтай учраас нэн яаралтай арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Мөн жижиг дундын үйлдвэрлэлүүдийг тодорхой хэмжээгээр дэмжиж эхлэхгүй бол дотоодын борлуулалт маань ч гэсэн маш их сааталтай болчихлоо шүү дээ. Бид хамгийн түрүүнд хаадаг, хоргилдог руугаа явчихлаа. Дотооддоо халдвар алдаагүй байгаа нь бидний маш том амжилт. Гэвч энэ байдлаараа үргэлжилсээр, эдийн засгийн бодлогуудаа шийдэхгүй хэвээр байх юм бол сонгуулийн дараах эдийн засгийн төлөв туйлын хүнд болох дүр зураг харагдаж байна.

-Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хямралын үеийн бодлого үйл ажиллагааг та хэр оновчтой байна гэж үзэж байна вэ?

-Юуны түрүүнд хямрал гэдэг зүйлээ бодитойгоор бүрэн ойлгох хэмжээнд бид ярих хэрэгтэй юм шиг байна. Үнэнийг хэлэхэд бид хямралыг “шок”-н байдалтай хүлээж авсан. Энэ нь гуравхан сая хүнд халдвар нүүрлэх юм бол барьж дийлэхгүй гэдэг утгаар хөл хорио тогтоож хамгаалсан явдал юм. Өөрөөр хэлбэл маш их айдастай хүлээж авсан гэсэн үг. Харин одоо бид энэ айдсаасаа ангижирч, эдийн засгаа дэмжих бодлого руу анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Маш олон хүн ажлын байраа алдаж байна. Маш олон хүн орлогогүй болж эхлэж байна. Харамсалтай нь үүнийг татаас байдлаар шийдээд байгаа нь төсвийн өрийн алдагдлыг ихэсгэх гарцаагүй байдалд хүргэх нь. Тэгэхээр цаг алдалгүй эдийн засгийг сэргээх байдлаар задалж, төсвийг зарцуулах хэрэгтэй байгаа юм. Жижиг дунд үйлдвэрлэл болон бусад салбарын хүмүүсийн ажлын байрыг дэмжиж, бизнесийг нь сааруулахгүй байх нь хамгийн эхний зорилго болчихоод байна. Ер нь бол эдийн засагчийн байр сууриас харахад цэвэр эдийн засгаа босгоё, дэмжье гэсэн бодлого харагдахгүй байна гэж дүгнэж байна.

-Бидний сэтгэлийг зовоож байгаа , анхаарал татаж байгаа бас нэг зүйл бол Монгол улсын гадаад өрийн асуудал. Өнөөдрийн байдлаар Монгол хүн бүр 30 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад өртэй болсон тухай эдийн засагчид танилцуулж байсан. Тэгэхээр ирэх намар бид өрөө төлж эхлэх асуудал гарч ирэх нь. Төсвийн алдагдал, төсвийн орлогын тасалдал гээд эдийн засгийн шийдвэрлэх гол гарцыг та юу гэж харж байгаа вэ?

-Монгол улсын өнөөгийн байдлыг нэг айл өрхтэй дүйцүүлээд аваад үзэх юм бол гаднаас ордог орлого нь 30-40% буурчихсан байна. Бид жилийн эцэст хэн хэн нь хямралын тухай, дотоодын эдийн засаг хорио цээрийн байдалд орно гэдэг талаар төсөөлөөгүй. Маш өөдрөгөөр орлого олно гээд төсөвлөөд, зардлуудаа төлөвлөөд тавьчихсан. Төсөв баталсны дараа хямралын нөхцөл байдал үүсээд, дотоодын эдийн засаг маш хүнд байдал руу орчихож байгаа юм. Ихэнх ажил эрхэлж байгаа хүмүүс зээлээ төлж чадахгүй байдалд хүрлээ. Энэ нь эдийн засагт өгч байгаа маш том дохио. Төсвийн тодотгол хийлгүйгээр хүүхдийн мөнгө, бусад олон төрлийн халамж тэтгэмжүүдийг нэмж байна. Өрх гэрээр төлөөлүүлээд үзвэл бид байгаа нөөцөөсөө идэж байна гэсэн үг. Тэгэхээр дотооддоо зарцуулах хөрөнгө оруулалтуудаа багасгаж, шууд ажлын байрууд руу чиглүүлэх нь чухал байна.

-Хүндрэл бэрхшээлүүдийн талаар яриад байвал маш олон зүйлүүдийг салбар бүр дээр ярих байх. Тэгэхээр зарим улс орнууд хямралыг боломж гэж үзэж байна. Хэрвээ хямралыг зөв ашиглаж чадах юм бол үндэсний үйлдвэрлэлүүдээ хөгжүүлэх боломж бий юу. Таньд оновчтой санаа байна уу?

-Цагаан сараар бид маш их валютын гадагшлах урсгал хийдэг. Энэ жил цагаан сар хийгээгүй. Энэ нь валютыг огцом өсгөхгүй байхад хүргэсэн. Бидэнд эдийн засгийн үр ашигтай байдал руу явах боломжийг өгч байна. Өөрөөр хэлбэл хэтэрхий үрлэгэн, импортоор бараа авдаг байдал багасчихаж байгаа юм. Одоо дотооддоо үйлдвэрлэхээс өөр арга байхгүй боллоо. ОХУ олон улсын санкцид орсноороо дотоодын жижиг дунд үйлдвэрлэл хийгээд ажлын байрны бүтээмж нь сайжирсан гэж ярьдаг. Яг үүнтэй адилхан бид дотоодын үйлдвэрлэлээ энэ цаг үед дэмжин хөгжүүлж, үндэсний үйлдвэрлэлүүдээ зөв бодлогоор гаргаж ирэх цаг болчихоод байгаа юм.

-Чухам яаж?

-Энэ бол маш энгийн ойлгомжтой. Бидний өрсөлдөөний давуу тал бол хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй юм. Мөн дээрээс нь уул уурхайгаас эдийн засгийн гол орлого орж ирж байна. Жижиг дунд үйлвэрлэл рүү төсвийн зарлагыг зарцуулах хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжээд, дотоодын хүнсний болон энгийн бараа үйлдвэрлэлүүдээ хөгжүүлж чадах юм бол нэмүү өртөг нэмэгдэж, ажлын байр бий болно. Үүн дээр л төсөв санхүүгийн гол бодлогыг явуулах шаардлагатай байна гэсэн үг. Эдийн засгийн тодорхойгүй байдал нь цаг хугацаа өнгөрөх тусам маш олон хүнийг ажлын байргүй болголоо. Халамж, тэтгэвэр нь нэг удаагийн зарлагын шинж чанартай зүйл. Тийм учраас хүмүүсийн ажлын байр, хийж байгаа бизнесийг нь хадгалах, ипотекийн зээлээ төлөх тэр хэмжээний татвар татаасыг нь хөнгөлж өгч байж бид эдийн засгаа аварч чадна. Тэрнээс биш нэг удаагийн халамжийн мөнгийг бизнес эрхэлдэггүй хүмүүст тараагаад байх юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Хоёрдугаарт, бизнес эрхлэгчдийн ажлын байрыг хадгалахын тулд төсвийн зарлагаа зарцуулах шаардлагатай юм. Учир нь төсөв гэдэг зүйл маань үндсэн утгаа алдаад тэс өөр чиг рүү явчихлаа. Уг нь бид эдийн засгаа авч үлдэх тал дээр төсвөө чиглүүлж бизнесийг дэмжиж, өрхийн санхүүг дэмжих ёстой юм. Өөрөөр хэлбэл маш зоригтой шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.

-Төсвийн менежмент, ЖДҮ-ийн талаарх таны бодол?

-Харамсалтай нь манай УИХ, Засгийн газарт төсвийн санхүү, менежментийн талаар ярих нь бага байдаг. Энэ талаар ярина гэхээр сул мөнгө тараана гэсэн үг огт биш. Иргэд өөрсдийн хүслээр бэлэн мөнгө, халамж авах сонирхол байхгүй. Ялангуяа бизнес эрхлэгчид, ЖДҮ-чид бол нэгдүгээрт, өөрт нь төвөг удахгүй байхыг хүсч байна. Хоёрдугаарт, хямдралтай санхүүжилтийн төслөөс төр дэмжээд өгвөл өөрөө өөрсдийгөө аваад явчихна. Тэгэхээр үүнд нь саад тотгор хийхгүй, төрийнхөн өөрсдөө ЖДҮ хулгайлахгүй, үйлдвэрлэгчидээ жаахан дэмжээд өгчих л юм бол болчих асуудал. АН-н 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт хямралын үед ЖДҮ- г хэрхэн дэмжих талаар оруулсан байгаа. Ерөөсөө Монгол улсын хөгжлийн бодлогод ЖДҮ-ээ бодлогоор дэмжих нь чухал асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл бид дан уул уурхайгаар мөнгө босгож амьдрахгүй шүү дээ. Төсвийн хуваарилалтыг ил тод нээлттэй байлгаж, ЖДҮ-ээ шударгаар дэмжих нь чухал. Төсвийн менежментээ сайжруулж, хуваарилалтыг тэгш, шударга хийх юм бол эдийн засгийн бодит үр дүн бидэнд өгөөжөө өгнө л гэсэн үг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ