АНУ Норильскт туслахыг санал болгожээ

Норильск хотод  дизелийн түлш асгарсны уршигийг арилгахад туслахыг санал болгосон АНУ-д Орос улс талархалтай байна гэж ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова хэлжээ.

Дипломатч  америкийн талын санаачлагыг сайн санааны хоёр дахь илрэл хэмээн тодорхойлоод, үүнээс өмнө талууд уушигны хиймэл амьсгалын аппарат харилцан нийлүүлснийг дурдсан байна.

“Сайн сайхны төлөө ажиллаж болно, ингэж хамтран ажиллаж болно” гэж Захарова  "Соловьев Live" телевизийн YouTube-сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлжээ.

Гэхдээ Оросын эрх баригчид болон “Норильский никель” компани асгарсан түлшний асуудлыг шийдвэрлэх товыг нэгэнт тодорхойлоод байгаа юм гэж ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдсан байна.

Өмнө нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Норильскт болсон хэрэг явдлыг гунигт явдал хэмээн тодорхойлоод, Орос, Америк хоёр санал зөрөлдөөнтэй байгаа хэдий ч,  техникийн экспертиз хийж, болсон явдлын уршигийг арилгахад туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Норильскийн дулааны З дугаар цахилгаан станцын түлшний сав эвдэрснээс болоод өнгөрсөн долоо хоногт 21 мянга орчим шоо метр дизелийн асгарчээ. Түлшний зарим хэсэг нь жижиг горихууд болон Амбарная голд орж, ойролцоогоор 180 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бохирдсон байна.

Усан дахь бохирдуулагчийн зөвшөөрөгдөх хэмжээ олон дахин хэтэрснийг хэрэг явдлын дараа бүртгэжээ. Оросын байгаль орчинд хяналт тавих албаны мэдээлснээр, энэ хэрэг явдлын улмаас нэлээд хэдэн тэрбум рублийн хохирол учирч болохоор байна.

Красноярскийн нутагт улсын хэмжээний онцгой байдлын горим зарлаж, хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Урьдчилсан мэдээгээр, мөнх цэвдэгтэй газарт дулаарснаар ийм осол гарах шалтгаан болж,  түлшний савнуудын дорхи тулгуурууд байрнаасаа хөдлөсөн байна.

“Норильский никель” компани түлш асгарсны уршигийг арилгах бүх ажлыг бүрэн санхүүжүүлнэ гэж тус компанийн тэргүүн Владимир Потанин амлажээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ