Коронавирусийн хоёр дахь давалгаа дэгдэх магадлалын талаар тайлбарлав

Японы нэгэн халдвартын эмч Акихиро Сато коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа үүсэх магадлал ямар байгааг тайлбарлажээ. РИА Новости агентлаг ингэж бичсэн байна.


Түүний хэлснээр, дахин тархах магадлал 90 хувь байгаа аж. “Хэрвээ хоёр дахь давалгаа дэгдэхгүй бол биднийг аз дайрлаа гэж үзэх болно. Гэхдээ давалгаа хэзээ үүсэхийг тогтоох маш хэцүү” гэдгийг тэмдэглэсэн байна.


Хоёр дахь давалгаа намар юмуу өвөл дэгдэж магадгүй. Гэхдээ долоо юмуу наймдугаар сард ч дэгдэж мэднэ гэж таамаглаж байна. Ингэхдээ хоёр дахь давалгаа зун дэгдэхгүй эсвэл зун вирус алга болно гэсэн зүйл байхгүй юм. “Халуун болж байгаа ч Азид Тайланд, Өмнөд Америкт Бразилд халдвар гарсаар байна” гэж эмч дурджээ. Коронавирусийн тархалт агаарын температур юм уу чийгшлээс шалтгаалдаг гэдэгт эргэлзэж байгаа аж.


Харин COVID-19  хоёр дахь удаагаа давалгаалвал улс орны янз бүрийн бүс нутагт халдварын голомт нэгэн зэрэг үүсэх гол шинж тэмдэг болно гэж тэрээр хэлжээ. Гэхдээ хүн амын олонхи нь коронавирусийн халдвараар өвчлөөгүй байгаа нь хоёр дахь давалгааны нэг гол аюул юм. Тиймээс хэрвээ өвчлөл эрс нэмэгдэж, эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо өрсөж амжихгүй бол нас барах тохиолдол олширно. Вирус мутацид орвол энэ нь бас нэгэн аюул болно. Хэрвээ ингэвэл халдвар илүү аюултай болж мэднэ гэжээ.


Гэвч  нааштай хүчин зүйлс ч байна гэж тэрээр хэлжээ. “Хэрвээ хоёр дахь давалгаа өмнөхөө бодвол цар хүрээ багатай байвал энэ нь бид өвчний тухай илүү сайн мэдэж, илүү хариуцлагатай болсонтой холбоотой байх болно” гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна. Халдварын хоёр дахь давалгаанд бэлэн байхын тулд тусгаарлалтыг чанд баримталж, нийгэмд зай барьж, амны хаалт зүүхийг зөвлөж байна.


Өмнө нь ДЭМБ-аас коронавирусийн хоёр дахь давалгаа дэгдэх товыг зарласан юм. Европ дахь тус байгууллагын бүс нутгийн товчооны захирал Ханс Клюгегийн мэдэгдсэнээр, хоёр дахь давалгаа есдүгээр сард эхлэж, улирлын шинжтэй ханиад томуугийн тархалттай давхцаж мэдэх аж. Ингэсэн нөхцөлд энэ нь COVID-19-ийн цар тахлаас болж хэд хэдэн оронд тогтмол вакцинжуулалт тасалдсан нөхцөл байдлыг хүндрүүлж мэдэх аж.




Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ