Д.Амарбаясгалан:Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэнэ

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн   үнэмлэхийг гардуулж эхэллээ. Хамгийн түрүүнд улс төрийн ууган хүчин  МАН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гардаж авлаа.


Энэ үеэр тэрбээр “УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. МАН энэ удаагийн сонгуульд хуулийг эхнээс нь ягштал биелүүлсэн. Нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалт төдийгүй намын зүгээс сонгуульд оролцох бичиг баримт бүрдүүлэх тухайд ч цаг хугацаанд нь, хуулийн хүрээнд өгч ажилласнаар өнөөдөр сонгуульд оролцох үнэмлэхээ гардаж авлаа. Бидний хувьд бүх зүйлийг хуулийн дагуу, ил тод, шударга явуулахыг хүсч, ингэж ч ажиллаж байна.


МАН “Хүчээ нэгтгэе” уриатайгаар  энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. Бидний өмнө тулгамдсан маш олон асуудал бий. Коронавирусийн цар тахлаас авахуулаад агаарын бохирдол гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхэд олон түмний хүч нэг байх учиртай. Тийм ч учраас бид “Хүчээ нэгтгэе” гэдэг уриаг дэвшүүлсэн.


Бидний өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн томоохон олон ажил бий. Нефтийн үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг олон ажлаа хийж дуусгахын тулд хүчээ  нэгтгэх нь зөв гэж үзэж байгаа юм. Мэдээж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төр засгийн ажилд алдаа дутагдал байсан.


Энэ алдаа дутагдлаа аль болох богино хугацаанд засч залруулах, улс төрд тодорхой хэмжээний цэвэрлэгээ хийх ажлыг зохион байгуулах, төрийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, дунд шатны болон  анхан шатан дахь хүнд суртлыг арилгах, төрийн албан хаагчдад мерит зарчмаар өсөн дэвжих  боломжийг олгох олон асуудлыг МАН бодолцож “Хүчээ нэгтгэе” уриаг дэвшүүлсэн. Мөн мөрийн хөтөлбөртөө ч хийж, хэрэгжүүлэхээр зорьсон бүх ажлыг багтаасан” гэлээ.   


СЭТГЭГДЭЛ БИЧИХ