Конго улсад Эбола вирусийн тахал дахин дэгджээ

Африк тивийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын баруун хойд нутагт Эбола вирусийн шинэ тахал дэгдсэн тухай мэдээлжээ.


Энэ улсад 11 дэхь удаагаа Эбола тахал дэгдэж байгаа нь энэ юм. Өмнөх 10 дахь тахал нь Конгын зүүн хязгаарт хоёр жил үргэлжилж, одоо л төгсөх шатандаа орж байна. Баруун хойд бүсийн Мбандака хотод дэгдсэн шинэ тахал одоогоор дөрвөн хүний амийг аваад байгааг Конгын эрүүл мэндийн сайд Этени Лонгондо мэдээлсэн байна.


2018 оны таваас долдугаар сард тус хотод Эболагийн тахал дэгдэх үеэр 33 хүн нас барж, 21 нь эдгэрч байжээ.

ДЭМБ тахалтай тэмцэх зорилгоор мэргэжлийн багийг Конго руу илгээхээр болжээ. Конгын зүүн нутагт 2018 оны наймдугаар сард дэгдсэн тахалд 2280 хүн нас бараад байгаа юм. Тус улсын эрх баригчид зургаадугаар сарын 25-ны өдөр тахлын энэ дэгдэлт дууссаныг зарлахаар төлөвлөж байна.


Сүүлийн 42 өдрийн турш ганц ч халдварын тохиолдол илрээгүй бол тахал албан ёсоор зогссонд тооцдог. Өмнө нь дээрх хугацаа дуусахад ердөө гурван хоног дутуу байхад буюу дөрөвдүгээр сарын 10-нд халдварын шинэ тохиолдол илэрч байжээ. Тэр үеэс хойш дөрвөн хүн нас барж, хоёр хүн эдгэрээд байгаа ба тахлын дуусах хугацааг тавдугаар сарын 14-нөөс дахин тоолж эхэлсэн юм.


Конгын зүүн нутагт дэгдсэн энэ тахал түүхэнд хоёрт орох хамгийн их хөнөөлтэй тахал аж. 2014 онд Гвиней, Либери, Сьерра Леон улсуудад голдуу дэгдсэн Эболагийн тахалд 11 мянга орчим хүн нас барсан нь хамгийн их хөнөөлтэй дэгдэлтэд тоооцогддог.


Эбола вирус нь цус, биеийн шингэн, нас барсан хүний цогцос, эрхтнээр дамжин халдварладаг бөгөөд халдварын 90 хүртэл хувь нь үхэлд хүргэдэг юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ