Я.Санжмятав: Шинэ, сэвгүй мэргэжлийн парламентч болох хүмүүсийг илгээж байна
Ардчилсан намын төлөөлөл өнөөдөр УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг гардан авлаа. Үнэмлэх гардан авах ажиллагаанд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, тус намын сонгуулийн штабын менежер, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар оролцсон юм.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү "Төр нь иргэдээ сонсдог, ойлгодог, иргэдийнхээ хүсэл шаардлагыг зорилгыг хүлээж авдаг тунгалаг төртэй больё хэмээн Өсөлтийг өрх бүрт гэдэг уриатайгаар энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байна. Энэ бол хүсэл мөрөөдлийн жагсаалт биш олон удаагийн судалгааны үр дүнд гарч ирсэн мөрийн хөтөлбөр юм. Хуулийн хүрээнд шударга өрсөлдөхийг нийт нэр дэвшигч нарт уриалж байна. Сонгууль гэдэг бол улс төрийн намууд, улс төрчид бие биенээ харлуулах явдал биш. Харин бодлогоор, мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх юм. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд бүтэн ялалт байгуулах бүрэн боломж байгааг судалгаанаас харж байна" гэв.
АН-ын сонгуулийн штабын менежер Я.Санжмятав "Ардчилсан нам энэ нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах шинэ, сэвгүй мэргэжлийн парламентч болох хүмүүсийг илгээж байна. Манай нэр дэвшигчдийн 70 орчим хувь нь шинэ хүмүүс. Мөн 60 орчим хувь нь хууль, эдийн засагч, инженерүүд эзэлж буй. Ардчилсан нам 30 жилийнхээ хөгжилд амласан олон зүйлийг хэрэгжүүлсэн гэдгийг та бүхэн мэднэ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ