Трамп: Жагсагчдыг баривчилж, шоронд суулгавал ийм явдал дахин болохгүй
АНУ-ын иргэн Жорж Флоид цагдаа нарын гарт амиа алдсан явдлын улмаас АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мужуудын захирагч нартай видео хурал хийж, үймээн самууныг хэрхэн зогсоох арга замыг хэлэлцсэн байна. Энэ үеэр тэрээр захирагч нарыг “сул дорой хүмүүс”, “хатуу байж чадсангүй” гэх зэргээр шүүмжилжээ. Трамп “Та нар хүмүүсийг мөрдөж, баривчилж, 10 жил шоронд суулгавал дахиад ийм явдал хэзээ ч тохиолдохгүй. Бид нийслэл Вашингтонд яг ингэж ажиллаж байна” гэж яриад Үндэсний Гвардын цэргийг дуудахгүй, хүч хэрэглэхгүй байгаа захирагч нар “өөрсдийгөө тэнэг харагдуулж байна” гэж шүүмжилжээ.
Хурлын үеэр Трамп нэлээд ууртай байсныг эх сурвалжууд мэдээлж байна. Баасан гарагийн шөнө олон зуун тэмцэгчид Цагаан ордны хашаанд тулж ирэх үед тусгай албаныхан Трампыг газар доорх тусгай хонгилд нүүлгэн шилжүүлсэн байна. Террорист халдлагын үеэр АНУ-ын ерөнхийлөгчийг хамгаалах зориулалттай уг хонгилд тэр нэг цаг орчим хугацаанд байсны дараа гарсныг Нью Йорк Таймс сонин албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ