Сонгуулийн сурталчилгааны материалыг айлын хаалганы гадна үлдээнэ!

2020 оны УИХ-ын сонгууль 29 тойрог, 76 мандаттай буюу нийслэлд ес, аймагт 20 тойрог болгон явагдах гэж буй. Энэ удаагийн сонгуульд 14 нам, эвсэл  121 бие даагч гээд нийт 639 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуульд 121 хүн бие даан өрсөлдөж байгаа нь хамгийн их бие даагчтай сонгууль болж буй юм. Нийт нэр дэвшигчдийн 378 нь орон нутагт, 261 нь нийслэлийн тойргуудад өрсөлдөж байгаа юм.

 

Энэ удаагийн сонгууль цар тахлын үед явагдаж байгаа учраас сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэх журмыг Засгийн газраас баталсан. Уг журамд Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулна.  Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.


Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах байр танхимд болон гадна талбайд оролцогчдыг суух боломж нөхцөлөөр хангаж байрлуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1,5 метрээс доошгүй байна гэж заасан. Мөн дараах журмуудыг мөрдөх ёстой. Тухайлбал,

3.10. Уулзалт, хурал, цуглаанд амны хаалтгүй хүн оролцуулахыг хориглоно.

3.11. Сонгогч амны хаалтгүй тохиолдолд уулзалт, хурал, цуглаан зохион байгуулж байгаа нэр дэвшигч нэг ширхэг амны хаалтаар хангаж болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.

3.12. Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг тараах үед нэг удаагийн бээлий өмсөнө.

3.13. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах тохиолдолд гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.

3.14. Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг, эсхүл дүрс бичлэгээр

баримтжуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх үүрэгтэй.

3.15. Сонгуулийн сурталчилгааны уулзалт, арга хэмжээнд 18 насанд хүрээгүй хүнийг оролцуулахыг хориглоно.

3.16. Уулзалт, хурал, цуглааны дараа хэрэглэсэн амны хаалт болон бусад Хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.

 

 


Дашрамд дурдахад улс төрийн намуудаас АН болон МАН 29 тойрогт 76 нэр дэвшигчээ дэвшүүлээд байгаа.  Мөн “Та бидний эвсэл, Шинэ эвсэл-ээс мөн 76 хүнийг нэр дэвшүүлсэн. "Зөв хүн электорат эвсэл"-ээс 59, "Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам"-аас 13 тойрогт 16 нэр дэвшигч, "Эх орончдын нэгдсэн нам"-аас нэг, "Дэлхийн монголчууд нам"-аас нэг, "Хөгжлийн хөтөлбөр нам"-аас долоо, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл 70, "Зон олны нам"-аас 30, "Ард түмний олонхийн засаглал нам 25, "Гэр хороолол хөгжлийн нам"-аас таван  нэр дэвшигч гэх зэргээр нэр дэвшсэн байна.

 


Г.Хулан      

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ