Дональд Трамп улс орондоо анархи байдал гаргуулахгүй гэж амлав
АНУ-ын засаг захиргаа хүчирхийлэл үйлдэж буй өргөн олны эмх замбараагүй явдлыг зогсооно гэж тус орны ерөнхийлөгч Дональд Трамп батлан илэрхийлжээ.
Тэр Миннеаполис хотод цагдаа нарын явуулсан ажиллагааны улмаас африк гаралтай иргэн амь насаа алдсанаас үүдсэн эсэргүүцлийн арга хэмжээ, эмх замбараагүй явдлын тухай ярихдаа, “анархи явдал гаргуулахгүй” гэж онцлон тэмдэглэсэн байна.
Улс орны нутагт болон дэлхийд галдан шатаах үйлдэл хийх боломжийг зүүний радикал үзэл бодлыг дэмждэг гэмт этгээдүүдэд олгохгүй гэж америкийн засаг захиргааны тэргүүн бас цохон заасныг Интерфакс агентлаг уламжилжээ.
46 настай африк гаралтай Жорж Флойд цагдаагийн ажиллагааны улмаас бэртэж, сүүлд нь эмнэлэгт нас барсны дараа эсэргүүцлийн ажиллагаа, олныг хамарсан эмх замбараагүй явдал эхлэсэн байна.
Дээрх хэрэг явдлын улмаас Миннеаполис хотод шөнийн үймээн самуун тав дахь өдрөө үргэлжилж байна. Сүүлд нь эмх замбараагүй явдал АНУ-ын бусад хот, тухайлбал Нью-Йорк, Лос-Анжелес, Детройт хотод шилжжээ.
Хууль сахиулах байгууллагуудын эсрэг үйлдэж буй халдлага нь дотоодын терроризм юм гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны нэгдүгээр орлогч сайдын үүрэг гүйцэтгэгч Кен Куччинелли хэвлэлийн хурал дээр ингэж мэдэгджээ.
Төрийн байгууллагуудын байр болон цагдаагийн салбаруудад халдахаар сүрдүүлж байгаатай эрх баригчид эвлэрэхгүй. Түйвээн бусниулах юмуу айлган сүрдүүлэх зорилгоор ажилтнууд юмуу байгууллагуудын эсрэг үйлдэх аливаа үйлдэл нь террорын ажиллагаанаас өөр зүйл огт биш гэж тэр хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ