Ц.Баатархүү: АН-ын ҮБХ-ноос дэвшүүлсэн 76 хүнийг СЕХ бүгдийг нь бүртгэсэн болохыг албан ёсоор мэдэгдье

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “УИХ-ын ээлжит сонгууль болохтой холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонгогчдыг үл хүндэтгэсэн, зарим нэр дэвшигчийг гутаан доромжилсон увайгүй үйлдлийг улс төрийн намууд явуулах боллоо. Улс төрийн намын үүрэг бол иргэдэд улс төр, эрх, эрх чөлөөний тухай боловсролыг нэмэгдүүлэх  юм. Харамсалтай нь улс төрийн намууд тэр дундаа эрх барьж байгаа нам өөрсдийн хууль бус үйлдлүүдээ нуух гэж сөрөг хүчний намуудыг гүтгэн харлуулах үйл ажиллагаа явуулж байгаад АН харамсаж байна. Хаанаас, ямар зорилгоор, хэн гэдэг хуулийн этгээд ийм зүйлийг маш их мөнгө төлж явуулж байгааг АН-ын хуулийн багийнхан олж илрүүлсэн. 

Сонгууль бол нэг улстөрч нөгөө улстөрчөө муулдаг зүйл биш, мөрийн хөтөлбөр, бодлогоороо өрсөлдөх үйл явц юм. Тиймээс ч манай намын зүгээс бусад улс төрийн намуудад хандаж сонгуулиар нээлттэй, шударга өрсөлдье гэдэг уриалга гаргасан. Харамсалтай нь АН-аас нэр дэвшиж буй 76 хүнээс СЕХ бүртгээгүй гэдэг худал мэдээлэл явуулж байна. АН-ын ҮБХ-ноос дэвшүүлсэн 76 хүнийг СЕХ бүгдийг нь бүртгэсэн болохыг албан ёсоор мэдэгдье

УИХ-д нэр дэвших асуудлыг зөвхөн улс төрийн нам мэддэг юм биш. Тухайлбал, нэр дэвшиж байгаа хүмүүс өмнө нь ял шийтгүүлж байсан эсэхэд ЦЕГ лавлагаа гаргаж өгдөг. Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлж байсан эсэхэд мөн адил ЦЕГ лавлагаа гаргадаг. АН-аас нэр дэвшиж байгаа 76 хүн дотор ял шийтгүүлж, авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж, татварын асуудалд холбогдсон хүн байхгүй болохыг цагдаа, татварын байгууллагаас тодорхойлсон. Төрийн байгууллага ийм тодорхойлолт гаргасаар байтал хэсэг бүлэг хүн мөнгө төлж гүтгэж байгаа нь өөрсдийн амлалтаа биелүүлээгүйгээ нуух гэсэн, анхаарлыг өөр тийш нь сарниулах гэсэн оролдлого гэж бид харж байна. 

Сонгогчид хэнийг сонгох вэ гэдгээ хэн нэгнээр заалгахгүй сонголтоо хийнэ. Иргэд сонгогчийн сонгох эрхийг хүндэтгэж, хэтэрхий их мөнгө төлж бие биеэ харлуулж байгаа нь өөрсдийгөө хамгаалсан арга ядсан арга гэдгийг иргэд харж байгаа. 

Ардчилсан нам Монголын ард түмний мэргэн сонголтод итгэж байна. Сонгогч түмнээ хүндэтгэж байна гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ