Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн хэлэлцүүлэг болж байна
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрөгч 2019 оны тавдугаар сард Төрийн ордны хоёр давхраас учир битүүлэг байдлаар унаж амиа алдсан билээ. Дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж буй.
Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүй худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан.
Ийнхүү өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлжээ. Гэхдээ энэхүү шүүх хурал нь гэм буруугийн бус урьдчилсан хэлэлцүүлэг бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлын товыг гаргах юм.
Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл "худал мэдүүлэх"
1. Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2. Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ