Ялалтын баярын парад зургаадугаар сарын 24-нд болно
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хойшлогдсон ялалтын баярын парадыг зургаадугаар сарын 24-нд зохион байгуулах болсныг өчигдөр зарлажээ.
Тэрбээр мөн коронавирусийн халдварын тархалт улс оронд нь тогтворжих хандлагатай байгааг мэдэгдсэн байна. Халдварын батлагдсан тоогоор ОХУ нь дэлхийд АНУ, Бразилын дараа гуравт бичигдэж байгаа. Сүүлийн өдрүүдэд тархалт буурч буйг албан ёсны тоо баримт харуулж байна. Гэхдээ өчигдөр тус улсад нэг өдрийн дотор хамгийн олон хүн буюу 174 хүн Covid-19 өвчнөөр нас баржээ.
Өчигдөр болсон видео хурлын үеэр Путин батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын парадын бэлтгэлийг хангах үүрэг өгсөн байна. Жил бүрийн тавдугаар сарын 9-нд Москвагийн Улаан талбайд болдог баярын парадад 10,000 орчим цэрэг, шинэ зэвсэг техник оролцож, гадаадын хүндэт зочид, ахмад дайчид үзэж сонирхдог юм.
Нацист Германыг ялсны түүхт 75 жилийн ойн парадад Оросын эрх баригчид Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин зэрэг удирдагчдыг урихаар төлөвлөсөн байна. Одоогоор Казахстан, Молдав улсуудын төрийн тэргүүнүүд хойшлогдсон парадад оролцохоо илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ