Дональд Трамп: Амны хаалт надад сайхан зохиж байна

Мичиган муж дахь Форд компанийн үйлдвэрт пүрэв гарагт зочлохдоо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ганцаараа журам зөрчин амны хаалтгүй явсан нь хэвлэлийнхний дуранд өртжээ. 


Цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор автомашин үйлдвэрлэгч Форд компани эд ангийн нэг үйлдвэрээ эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл үйлдвэрлэхээр өөрчлөөд байгаа. Тэгвэл Баасан гарагт Sky News суваг Дональд Трампын амны хаалт зүүсэн байгааг харуулсан дүрсийг нийтэд цацжээ. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч амны хаалт зүүж олны нүдэнд харагдсан анхны тохиолдол юм.


Фордын үйлдвэртэй танилцсаныхаа дараа Дональд Трамп “Би сая арын өрөөнд амны хаалт зүүж үзлээ. Гэхдээ би үүнийгээ хэвлэл мэдээллийнхэнд харуулж, тэднийг баярлуулахыг хүссэнгүй” гэжээ.

Мөн тэрээр амны хаалт өөрт нь сайхан зохиж байсныг гайхуулан ярьсан юм. Гэрчүүдийн мэдээлснээр Форд компанийн ерөнхийлөгч Билл Фордын хүсэлтээр Трамп эхлээд амны хаалт зүүсэн ч удалгүй нүүрнээсээ авсан гэнэ. Энэ явдлын дараа Мичиган мужийн ерөнхий прокурор Дана Нессэл “Ерөнхийлөгч дүрэм журам дагадаггүй сахилгагүй хүүхэд шиг аашиллаа. Энэ бол тоглоом биш. Мичиган мужид өнөөдөр олон мянган хүн коронавирусийн халдвараар нас бараад байна” хэмээн CNN сувагт ярьжээ.


АНУ-д өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 1.6 сая тохиолдол бүртгэгдэж, 96000 орчим хүн нас бараад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ