Афганистан улс хоёр ерөнхийлөгчтэй болжээ
Афганистан улсад 2019 оны есдүгээр сард ерөнхийлөгчийн сонгууль болж, өмнөх ерөнхийлөгч Ашраф Гани улиран сонгогдож байжээ. Түүнтэй ойролцоо санал авсан эмч мэргэжилтэй Абдуллах Абдуллах сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй олон сарын турш маргалдсанаар тэд өнгөрсөн сард хоёулаа зэрэг тангараг өргөж байв.
Тэд өчигдөр /2020.05.17/ хамтран ажиллаж, эрх мэдлээ хуваах гэрээ байгуулснаар Афганистан улс хоёр ерөнхийлөгчтэй болжээ. Уг гэрээний дагуу хоёр ерөнхийлөгч сайд нараа хувааж удирдах юм. Ийнхүү хоёр хүн улсаа удирдах болсон нь тус улсын олон жилийн тогтворгүй байдлыг эцэс болгоно гэх найдлага төрүүлж байгаа аж.
Эмч мэргэжилтэй Абдуллах нь өдгөө зогсонги байдалд ороод буй Талибан хөдөлгөөнтэй энхийн гэрээ байгуулах ажлыг удирдахаар болсон байна. Сүүлийн өдрүүдэд Талибан, Исламын улс зэрэг зэвсэгт бүлэглэлүүдийн халдлага нэмэгдэж, байдал хурцдаад байсан юм. Түүнчлэн дээрх хоёр эрхмийг хурдан зөвшилцөлд хүрч, эх орондоо амар тайван байдлыг авчрахгүй бол нэг тэрбум ам.долларын тусламжийн багцаа зогсооно хэмээн АНУ-ын зүгээс мэдэгдсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ