О.Баасанхүү: Хулгай, хүчин, концесс, ЖДҮ гээд бүгдийг нь МАН-ынхан хийсэн

Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ, Засгийн газарт өгсөн дүгнэлтээ өнөөдөр танилцууллаа. 


УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Бид үнэмлэхүй цөөнх байлаа. Дөрвөн жилийн товч тайлангаа тавих нь зүйтэй гэж үзсэн. Манай бүлэг нийт УИХ, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд 32 удаа асуулга тавьж, бүлгийн гишүүд 58 хуулийг санаачилсан. Улс төрийн хилс хэрэгт холбогдсон хүмүүсийг цагаатгах, нөхөн төлбөр олгох, даатгалын тухай хууль, зээлийн хүүгийн босго тогтоох зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа бол үлдсэнийг нь эрх баригчид авч хэлэлцсэнгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн үйл явцад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. АН-ын бүлэг маш санаачилгатай ажиллаж, нэмэлт, өөрчлөлтөөр далимдуулан ардчилал, ардчилсан парламентыг үгүй болгох вий гэсэн болгоомжлол байсан тул санаа тавьж ажилласан. Баялгийн тэгш хуваарилалттай холбоотой дэвшүүлсэн санал, ЗГ-ын давхар дээлтэй холбоотой асуудлуудыг хүлээн авсан. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг хүлээн аваагүй. 


Үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн МАН бодитой бүтээн байгуулалт хийгээгүй, бодлогогүй ажилласан дөрвөн жил байлаа. УИХ, төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүй алдагдсан дөрвөн жил байлаа. Эдийн засгийн өсөлт ард иргэддээ хүрээгүй, халамжийг дэмжсэн дөрвөн жил байлаа. Буруу, бодлогогүй шийдвэрийг гаргаж, түүнийгээ зассаныгаа ажил хийсэн мэт зарласан дөрвөн жил байлаа. 


Эрх баригчдын эрх ашгийн төлөөх тулааны дунд ард иргэд үрэгдсэн дөрвөн жил байлаа. УИХ-ын даргаа түлхэж унагасан, хагарч бутарсан дөрвөн жил байлаа. Ирэх дөрвөн жил маш хариуцлагатай байх шаардлага үүсч байна" гэв.  


УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж олон тулгуурт эдийн засгийг бий болгоно гэсэн. Мөн дунджаас дээш орлоготой иргэдийн тоог нэмнэ гэж тусгасан. Гэвч өнөөдрийн байдлаар нийт үйлдвэрлэгчид олон санал тавьсан, ялангуяа хямралын үед дэмжлэг үзүүлэх хүсэот удаа дараа тавьсан. Хуулийн төсөл өргөн барьсан ч түүнийг нь хүлээн аваагүй. Гэтэл үүнийг хэрэгжсэн гэж тайлагнаж байгааг нь ойлгохгүй байна. Эдийн засаг 6-8 хувиар өссөн гэсэн боловч иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, хүртээмж гэр бүлүүдэд хүрч чадаагүйг статистик харуулж байна. Гэр бүлийн орлого нэмэгдсэн статистик гарч байгаа ч задлаад үзвэл халамжаар нэмэгдсэн байна" гэлээ. 


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "МАН Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байна хэмээн айлгаж сонгуульд ялалт байгуулчихаад одоо хүн бүрийг 25 сая төгрөгийн өртэй болгоод байна. Тэтгэврийн насыг нэмэгдүүлж, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг, ипотекийн зээлийг зогсоосон. Ядуурал 33 хувь болж өслөө, авлигыг бууруулна гэж хэлсэн боловч 86-106-р байр руу ухарлаа. Төсвийн мөнгийг хайрлана гэж гарч ирсэн ч төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, саарал жагсаалтад орууллаа. Өнгөрсөн дөрвөн жил МАН-ын бүх шийдвэр, үйл ажиллагаа ард түмний амьдралыг доройтуулж, орлогын эсрэг амлалтаа биелүүлээгүй дөрвөн жил боллоо гэж АН-ын бүлэг үзэж байна" гэлээ. 


УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАН хамгийн аймшигтай бузар зүйлүүдийг хийсэн. Хулгай, хүчин, концесс, ЖДҮ гээд бүгдийг нь МАН-ынхан хийсэн. МАН Эрдэнэт үйлдвэрт онцгой байдал тогтоолоо гээд 170 орчим гэрээг хууль бусаар хийсэн байна. Гэрээний хамгийн бага дүн нь 150 сая ам.доллар. МАН-ын 14 Засаг дарга нь авлигал, шахааны хэрэгт холбогдож, хэрэг бүртгэлтийн хэрэг нэр зүүгээд 3-4 жил болж байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ