Ж.Энхбаяр: Би сонгуульд нэр дэвшихгүй, өөр салбарт ажиллана

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр МАН-ын Бага хуралд оролцох үеэрээ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийллээ. Түүний хувьд 12 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж, тавьсан зорилтоо биелүүлсэн тул энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болсон гэв.

Түүнээс цөөн асуултад хариулт авлаа. 

-Та энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэсэн. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-12 жил УИХ-ын гишүүнээр ажиллалаа, одоо боллоо. Одоо өөр салбарт ажиллах цаг болсон. Нэг газар удаан суух зохистой биш. Зорилт тавьсан түүнийгээ биелүүлсэн. Одоо улс төрийн шинэ замаар явна.

Улс төрд орсон зорилго маань Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, батлан хамгаалах бодлогыг шинэчлэх, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлах, үүнтэй холбоотой батлан хамгаалах салбарын багц хуулиудыг өөрчлөх, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага, төрийн тусгай алба зэрэг тангараг өргөж мөрдэс зүүдэг байгууллагуудын хуулийг өөрчлөн шинэчлэх байсан. 12 жилийн хугацаанд энэ салбаруудын хууль, эрхзүйн орчин иж бүрэн шинэчлэлт оруулсан. Ж.Энхбаяр гэдэг хүн улс төрд орсон зорилгоо биелүүлсэн гэж үзэж байгаа учраас намаа энэ удаагийн сонгуульд ялуулахын тулд намынхаа штабын үйл ажиллагаанд оролцоно. 


-Та улс төрийн карьераа ингээд дуусгаж байна гэсэн үг үү? 

-Миний улс төрийн карьер одоо л эхэлж байгаа байх. Улс төрийн нас ч эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд нэлээн сайн бэлтгэгдэж, ажлын дадлага туршлагатай болсон. Одоо шинэ Үндсэн хуулийн агуулгыг та бүхэн ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулиар УИХ, гүйцэтгэх засаглалын хир хэмжээг нэлээд томоохон өөрчилсөн. Иймд би энэ удаад УИХ-д нэр дэвшихгүйгээр намынхаа сонгуулийн үйл ажиллагаанд Төв штаб дээр ажиллахаар шийдсэн.


-Таныг сайд болох тохироо хийсэн учраас нэрээ татсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар?

-Үгүй ээ, бид эхлээд ялах ёстой. МАН сонгуульд амжилттай оролцох ёстой. Түүний дараа засаг, төрийн асуудлыг ярина. Тэр дараагийн асуудал.


-Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хэр шударга болж байна вэ?

-Шударга болно шүү дээ. МАН нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын шилдэг төлөөллийг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийн 50 хувь шинэчлэгдэнэ. Сайн нэр дэвшигчид гарч ирнэ гэдэг итгэлтэй байна.

УИХ-д ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл байна. Зарим маань тэтгэвэртээ гарна, төрийн албанд, намын албанд шилжих, бизнесийн салбарт шилжих ч хүмүүс байна. Хүмүүс сонголтоо хийж байна. Миний хувьд сонголтоо хийсэн. Мэдээж намын дарга, УЗ энэ удаагийн сонгуульд олон түмний сэтгэл санаанд нийцэх, өнөөгийн нийгмийн шаардлагыг биелүүлж чадах нэр дэвшигчдийг сонгуульд бэлтгэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ