Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлав

2017 онд шинэчлэгдэн батлагдсан “Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг өчигдөр УИХ-ын хуралдаанаар баталлаа.


Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургамж, Монгол улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулаад байна.


Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 7 зүйлээс бүрдэж байгаа юм. Тухайлбал,

· Гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хуулийн хэрэгжилт, олон нийтийн ойлголтыг харгалзан зарим нэр томьёог өөрчлөн найруулж, зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмж оруулсны зэрэгцээ гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмж тусган бэлэн байдлын зэрэгт бүрэн болон хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх ойлголтыг шинээр томьёолсон.

· Гамшгаас хамгаалах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар төсөлд шинэ зүйл нэмэх, Улсын Их Хурал, Засгийн газрын гамшгаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх бүрэн эрхэд нэмэлт орууллаа. Мөн гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмсэн.

· Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, Засаг дарга нарын бүрэн эрх, улсын албад, хуулийн этгээд, албан тушаалтан, түүнчлэн иргэний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хэсэг, заалтыг нэмж өгсөн байна.

· Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг хангахтай холбоотой хэсэг, заалтыг шинээр нэмж тусгасны зэрэгцээ бусад хуульд давхардсан хэсэг, заалтыг хүчингүй болгож, зарим хэсэг, заалтыг өөрчлөн найруулаад байна.


Хууль батлагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ