С.Жавхлан "Ардчилсан Нам"-ын гишүүн боллоо

УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд болон УИХ-ын гишүүн С.Жавхлан нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхланг Ардчилсан Намд гишүүнээр элсэж байгааг тус намын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ.  

АН-ын дарга С.Эрдэнэ "УИХ-ын сонгууль болох гэж байна. Бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ цаг үед УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-ын эгнээнд нэгдэж, Монголд ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах түүхэн шийдвэр гаргасныг бид талархалтай хүлээн авч байна. 2016 оны сонгуулиар АН 9 гишүүнтэй орж ирж байсан. Өнөөдөр 2020 онд, дөрвөн жилийн үйл явдлын төгсгөлд 9-лээ болж элэг бүтэн боллоо. УИХ дахь АН-ын бүлгийн  9 дэх гишүүн болж буй С.Жавхлан танд амжилт хүсье. ХҮний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ариун үйлсэд тань улам их амжилт хүсье" гэлээ. 

Намын дарга үг хэлж дуусаад намын туг болон 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь, үндсэн дүрэм, үзэл баримтлалыг С.Жавхланд гардууллаа. 

Батламжаа гардан авсан АН-ын шинэ гишүүн С.Жавхлан "УИХ дахь АН-ын ес дэх гишүүн болж, Их Эзэн Чингис хааныхаа өлмий дор хуралддаг, хар цагаан сүлдээ шүтэн дээдэлдэг энэхүү бүл хүмүүс дээр би нэмэгдлээ. Ес дэх гишүүн болж бүтэн болгож байгаа энэ үйл явдалд туйлын их баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилд ганцаараа дуу хоолой маань хүрдэггүй, өөрийн үзэл санааг Монголын өргөн уудам талаар хүргэх вэ гэдэг хүсэл санаа маань хэдий хичээж, өндөр хэмжээнд өөрийгөө дайчилсан боловч санасан хэмжээнд маань хүрсэнгүй. Гэхдээ би алгуурлаж, хойш сууж, үзэл санаанаасаа ухраагүй. Өнөөдөр би олуулаа болж байгаад баяртай байна. Монголынхоо цэлмэг хөх тэнгэр шиг орноо, Хонхны дуу цохиж, дахин хонхны дуу дуугаргаж, цэлмэг тэнгэр шигээ Монгол нутгаа цэнхэртүүлэх, хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй" гэсэн юм. 

Үг хэлж дууссаныхаа дараа тэрбээр Хонхны дууг монгол бичгээр бичин жаазалсан дурсгалын зүйлийг АН-ын дарга С.Эрдэнэд гардуулав.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ